Цөмийн энергийн газар МУИС-ийн Цөмийн судалгааны төвтэй нягт хамтран ажиллана
2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр мэргэжилтнүүд хамтаар МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн цөмийн судалгаа, цөмийн физикийн өнөөгийн байдалтай танилцлаа. Тус төвийн захирал С.Даваа, профессор Г.Хүүхэнхүү, профессор П.Зузаан, профессор Н.Норов, доктор Ц.Амартайван болон бусад эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчидтай уулзаж, тулгарч буй бэрхшээл, ололт амжилт, цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцов.
МУИС-д 1965 онд Цөмийн шинжилгээний лаборатори байгуулагдсан цагаас эхлэн цөмийн физикийн салбар Монгол Улсад хөгжих суурь тавигдсан юм. 1997 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор МУИС-ийн Цөмийн шинжилгээний лаборатори болон ШУА-ийн Цөмийн физикийн судалгааны секторыг нэгтгэн Цөмийн судалгааны төвийг байгуулсан. Энэ үеэс эхлэн МУИС-д Цөмийн технологийн ангийг нээж, элсэлт авч мэргэжилтнүүдийг бэлтгэх болсон байна.
Цөмийн судалгааны төв нь Цөмийн өгөгдөл зүйн салбар, Цөмийн аналитик арга зүйн салбар, Цөмийн эрчим хүч, технологийн салбар, Цөмийн физик, технологийн тэнхим гэсэн бүтэцтэйгээр цөмийн физикийн суурь болон хавсарга судалгаа, сургалт эрдэм шинжилгээг хослон явуулж байна. Тус төвд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, мэргэшсэн судлаачид ажиллаж байна.
Одоогоор 26 эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, 100 гаруй оюутан, магистрантур, доктрантурт суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цөмийн судалгааны төв нь электроны хурдасгуур-микротрон, нейтроны генератор, цацраг идэвхт изотопон үүсгүүрүүд, альфа, бетта, гамма цацрагийн спектрометр, рентген флуоресценцийн спектрометрүүд зэрэг багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 10 гаруй лабораторитой.
ОХУ-ын Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын загвараар “монголчилж” хийсэн Микротрон-22 электроны хурдасгуурыг 1985-1991 оны хооронд суурилуулж, 1995 онд ашиглалтад оруулж өнөөг хүртэл ашиглаж байна.
Энэ цэргийн лактерыг “Монголчилсон” хийсэн хурдасгуур нь электрон хурдасгаж гамма квант, нейтрон гаргаж байна. Эндээс харахад манай эрдэмтэд бүх л зүйлийг өөрсдийн оюун ухаанаар бүтээж байгаа нь харагдана. Уг төхөөрөмж нь цөмийн цацрагийг ашиглан цөмийн физикийн суурь судалгааг явуулахаас гадна материалын судалгаа, эрдсийн дээжинд өндөр нарийвчлалтайгаар элементийн анализ хийх зэрэгт ашиглаж байна.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр Микротрон-22 хурдасгуурт хийгдсэн судалгааны ажлууд болох уул уурхайн дээжүүдэд элементийн анализ хийсэн судалгаа, Монгол орны үнэт, хагас үнэт, эрдэнийн чулуулгийн судалгааны ажил болон чулууны өнгийг хувиргасан ажлуудтай танилцсан юм.
Микротрон-22 хурдасгуурыг хариуцсан зохиогч инженер Д.Баатархүү “Ер нь цөмийн аргыг бүх салбарт ашиглаж байна. Орчин үеийн бүх багаж төхөөрөмж атом, цөмийн физикийн арга дээр үндэслэгдсэн байна. Бүх хяналт, шинжилгээний багажууд атом цөмийн физикийн аргад суурилагдсан. Бид энэ технологийг хөгжүүлэх ёстой, дэлхийн хөгжлөөс ухрах ёсгүй” гэж онцоллоо.
Тус төвийн цацраг идэвхт үүсгүүр хадгалж буй тусгай байгууламжтай ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр танилцах явцдаа “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлыг бүрэн хангасны жишээ бол энэ. Үүний адилаар цацраг идэвхт үүсгүүрийг зөв, зохих журмын дагуу аюулгүй байдлыг ханган, стандартын дагуу ажиллахад ямар ч аюул байхгүй. Нөгөө талаас цацраг идэвхт үүсгүүр маань судалгаа шинжилгээнд, эмчилгээнд, уул уурхайд ч хэрэгтэй, хүний амьдралын салшгүй нэг хэрэглээ юм” гэдгийг тодотгон хэлсэн юм.
Шингэн дээжинд анализ хийдэг лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр Тэнхимийн эрхлэгч Ц.Амартайван “Спектр боловсруулж байгаа комьютерийн плат нь хуучирч, ашиглахад хэцүү болсон. Спектр боловсруулдаг тусгай зориулалтын шинэ компьютер авах шаардлага гарч байгаа. Гамма спектрометрийн төхөөрөмж ч ялгаагүй, спектр боловсруулах программ нь хуучирсан” зэрэг бэрхшээл тулгарч буйг хэлж байв.
Үүний дараа Олон улсын атомын энергийн агентлагийн тусламжтайгаар байгуулсан рентген анализийн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Туслабораторийг хариуцан ажилладаг Доктор, профессор П.Зузаан улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан судалгааны ажлуудыг дурьдсан юм. Тэрээр 1980-аад оны үед Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийн зэс дэх мөнгөний агуулгийг тодорхойлж Монгол Улсад шилжих хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн. Газрын ховор элементийн Мушгиа худгийн ордын дээжинд судалгаа хийж тус ордын нөөцийг тодорхойлоход шаардлагатай материалыг бэлтгэсэн, мөн Хөвсгөл нуурын хөрс, усны дээжинд судалгаа явуулж Хөвсгөл нуурын геохимийн картыг бий болгосон зэрэг томоохон судалгааны ажлуудынхаа заримыг нь танилцуулав.
Дэлхийн банк болон ОУАЭА-ийн санхүүжилтээр байгуулсан Агаарын бохирдлыг хянах лаборатори нь Улаанбаатар хотын агаар дахь элемент, найрлага, бохирдлын хэмжээг тодорхойлон, мэдээллүүдээ Агаарын чанарын албанд хүргүүлэн ажиллаж байна.
Архелогийн дээжинд анализ хийх лабораториор зочилж түүхэн олдворуудын насыг тодорхойлох, анх байсан өнгө загвар, дүрийг тодорхойлох, бусад мэдээллийг боловсруулах ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын төгсгөлд Цөмийн судалгааны төвийн захирал С.Даваа “Манай судалгааны төв ОУАЭА болон Цөмийн энергийн газартай хамтран лабораториудын хүчин чадлыг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Манай төвийн нэг том зорилт бол Цөмийн судалгааны реактортай болох юм. Судалгааны реактортай болсноор анагаах ухааны салбарт ашиглаж буй изотопуудыг дотооддоо үйлдвэрлэж, изотопын хэрэгцээг бүрэн хангахаас гадна судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн, хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэж хэллээ.
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр тус төвийн хамт олонд хандаж хэлэхдээ “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ураныг шар нунтаг хүртэл боловсруулах зорилтот арга хэмжээ тусгагдсан. Уг ажлыг хэрэгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчний бэлтгэх, судалгаа, шинжилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна. Танай төвийн үйл ажиллагаатай танилцах явцад сургалт, судалгааны ажилд ашиглаж байгаа тоног төхөөрөмж хуучирсан байгаа нь ажиглагдлаа. Төрийн зүгээс энэ салбарыг хөгжүүлэхэд анхааран, тодорхой хөрөнгө оруулалт хийж судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллах цаг нь болжээ. Цаашид салбарт тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд манай цөмийн энергийн газар хамтран ажиллана” гэлээ.