Төрийн тахилгын ёслол боллоо
Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагаа
2013.07.09

Төрийн тахилгын ёслол боллоо

Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагаа өчигдөр Өмнөговь аймагт боллоо.

Говь гурван сайхан хайрханы Их тахилгат хайрхан овооны бэлд болсон ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц болон сүсэгтэн олон өргөнөөр оролцов.

Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа хэлсэн үгэндээ “Монгол туургатны үүрдийн их шүтээн Монгол Алтайн нурууны үргэлжлэл Говь гурван сайхан хайрханы оргил Их тахилгат хэмээх энэ сайхан хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 153 тоот зарлигаар Төрийн тахилгат хайрхан болгож, таван жил тутамд тахиж байхаар тогтсон билээ.

Төрийн тэргүүнийхээ энэ зарлигийн дагуу тахилга ёслолын Говийн иргэд уул усны шүтээн болсон энэ буурал хайрханаа тахих Төрийн ёслол үйлдэхээр анх удаагаа хуран цуглаад байна” хэмээв.

Ц.Элбэгдорж: Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний бахархалт сайхан уламжлал.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханы Төрийн тахилгын ёслолд газар газраас хүрэлцэн ирж, хуран цугларсан та бүхний түмэн амгаланг айлтгая.

Өнөөдрийн энэ өлзий билэгт өдрийг товлон байж Монголын Төр, Монгол түмэн эх болсон байгаль дэлхийдээ Говь нутгийн шүтээн болсон Говь гурван сайхан ууландаа хүндэтгэл үзүүлж, Их тахилгат хайрханыхаа тэнгэрийг баясган тайх Төрийн тахилга ёсыг үйлдэж байна.

Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний бахархалт сайхан уламжлал билээ. Энэ нь байгаль эхээ хайрлах ухааны илэрхийлэл юм. Нүүдэлчин түмний сэтгэмжийн нэн содон заншил юм.

Энэхүү агуу соёл ёс заншлыг өвөг дээдэс минь үүсгэн бүтээж, үеийн үедээ өвлүүлэн уламжилсаар иржээ. Дээлтэй өвгөдийнхөө өвлүүлсэн дэлхийд содон энэхүү уламжлалт ёсыг түүхийн алсрал цагийн догшролд алдахгүй авчирсан ард түмэндээ, говьчууд та бүхэндээ түмэнтээ талархал илэрхийлье” хэмээв.

Дараа нь Говь гурван сайхан хайрханы тэнгэрт хандсан айлтгалын бичгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хуран цугларсан сүсэгтэн олонд уламжиллаа.