2013.07.23

Махны нийлүүлэлт бага байна

“Хүнсний салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр  Траст трейд ХХК-ийн захирал Т.Сансармаатай ярилцлаа.  

Компаниа товчхон танилцуулна уу? Өдөрт хичнээн тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бэ? Бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаг уу?

Манай компани 2000 оноос өнөөдрийг хүртэл хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.

Компанийн гол онцлог бол бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийн нэг гахайн махыг хангах, өөрийн  гахайн аж ахуйтай юм. Өдөрт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  хүчин чадалтай ч одоогийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргадаг бэ?

Салями, бяслагт, царцмаг, зэрэглээ, талхан хиам,  зочин, зайдас  гээд өдөр тутмын  захиалга ихтэй бүтээгдэхүүнүүд болох 12  төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Өдөр бүр үйлдвэрлэгддэггүй ч захиалгын дагуу үйлдвэрлэгддэг “Хархорин” , “Тунгалаг царцмаг” зэрэг 10  гаруй төрөл нийт 22 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддын худалдаанд гаргаж байна.

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна?

Манай улс мал аж ахуйн орон гэж нэрлэгддэг ч  махны олдоц жил ирэх тусам ховордож байгаа. Миний бодлоор малчдад төрөөс үзүүлж байгаа хэт их хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал зэрэг нь махны нийлүүлэлтийг багасгах хүчин зүйл болж байна.

Мөн сүүлийн жилүүдэд уул уурхай дагасан хурдацтай хөгжил нь махны эрэлтэд ихээхэн хэмжээгээр нөлөөлөх болсон. Эрчимжсэн аж ахуйн  хөгжил сул байгаа нь эрэлтийг хангахад бэрхшээл учруулж байгаа энэ бүгд нь махны нийлүүлэлтийг бууруулж байгаа.

Мөн мах малчны хотоос үйлдвэрлэгчдэд хүрэхийн тулд 4-5 гар дамжин ирж байгаа, махны эрэлтийн хэмжээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа боловч нийлүүлэлт дорвитой өсөж чадахгүй байгаа  зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллөөс  2012 он гарсаар  дотоодын зах зээлд махны ханш дэлхийн зах зээлийн ханшнаас ч өндөр болсон.  

Энэ нь зөвхөн махны салбарын үйлдвэрлэгчдэд төдийгүй улс орны эдийн засагт ч, инфляцид ч гэсэн ихээхэн нөлөөлж байгаа.

Үйлдвэрлэгчдийн хувьд эцсийн бүтээгдэхүүний үнийг тэр болгон нэмээд, өөрчлөөд байх нь үнэхээр хүндрэлтэй байдаг. Нэгэнт хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа болохоор эрүүл ахуй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьдог.

Гэхдээ НӨАТ –ийн татварын тэгш бус байдал өрсөлдөөнд тэгш бус нөхцөл байдлыг байнга үүсгэж байна. Татварын элдэв шатлалгүй, томоохон бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт чөлөөлөлтгүй \лоббигүй\  тэгш орчныг бүрдүүлмээр байна.

 Мөн төрийн хяналтын байгууллагууд хүнс үйлдвэрлэгчдэд  загварчилсан хяналтын дагуу ижил түвшний шалгалт, шаардлагыг тавьж байвал хэрэгжүүлэхээр хуульчлагдсан асуудлууд илүү тодорхой болох боломжтой юм.

Махны чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна бэ? Иргэдийн гар дээрээс мах авах тохиолдолд ариун цэвэр, эмнэлгийн шинжилгээний бичиг зэрэг шаардлага хангасан мах авч чадаж байна уу?

Траст трейд ХХК-ийн бүтээгдэхүүн

Нэг үеэ бодвол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудалд хэрэглэгч ч, үйлдвэрлэгч ч, хяналтын байгууллагууд ч ихээхэн анхаардаг болоод байгаа. Гэвч манай хүн амын уламжлалт хэрэглээ махыг гар аргаар төхөөрч, эвдэж хэрэглэх эрэлт нь ямар ч эрүүл ахуй, шинжилгээний бичиг зэргээс илүүд үзэгддэг.

Баяр наадмын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй мал гар дээрээс амьдаар аваад л айл бүр хэрэглэж байна. Ийм байдалд эрүүл ахуй болон эрэлтийг хэрхэн зөв зохицуулах талаар төрийн  бодлого, нухацтай шийдвэр л хэрэгтэй байна.

Хяналтын байгууллагууд барин тавин худалдаа, үйлдвэр эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаас л элдэв бичиг баримт нэмж шаардахаас бодит байдал дээр хэдэн мал ачиж ирээд хаана ч хамаагүй борлуулахад хяналт гээд байх юм байхгүй л байна.

Махны тээвэрлэлт, хөргөлтийн горимыг хэрхэн зохицуулж байна бэ? Хөдөө орон нутгаас, хол аймгаас мах авдаг уу?

Ер нь Улаанбаатарын хэрэглэгчид гол төлөв Эмээлт, Налайхын нядалгааны цэгүүд дээр нядлагдсан малын махыг л томоохон хэдэн захаар дамжуулан авдаг.

Тэр жишгээр авна. Бас томоохон махны үйлдвэрүүдээс  \Баатрууд тэнгэр, Мах маркет\ түүхий эд татан авалт хийнэ. Үйлдвэрийн аливаа горим бол махыг шинжилж хүлээн авахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болтол байнга  горимын дагуу хяналтад байдаг.

Махны үнэ өссөөр байна энэ үед Махны үнийг буулгах боломж байгаа болов уу?

Махны үнийг бууруулах тал дээр хэд хэдэн санал байгаа. нэгдүгээрт бэлчээр ашигласны, малын хөлийн зэрэг татваруудыг хэрэгжүүлж байж малыг мах болгох буюу махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Мөн эрчимжсэн  мал аж ахуйг бусад орны жишгээр төрөөс дэмжин урамшуулах, бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжиж ажиллах, нөгөө талаар дотооддоо хэрэгцээгээ хангаж чаддаггүй зарим нэр төрлийн  амьтан,  шувуу, загасны эрүүл ахуйн шаардлага хангасан  махыг элдэв хориг саадгүйгээр нарийн чанд хяналтын дор байнга импортлох боломжоор хангах хэрэгтэй.

Танай компанийн  хувьд мах бэлтгэлээ хаана хийдэг бэ?

Одоохондоо гахайн аж ахуйгаас, хүнсний бөөний захуудаас, махны  зарим томоохон үйлдвэрүүдээс гээд л бэлтгэж байна. Яг өөрсдийн гэсэн мах бэлтгэл, нядалгааны үйлдвэрлэл явуулаагүй. Энэ намраас л томоохон зоорь ашиглалтад оруулж, мах бэлтгэлийг өөрсдөө хийхээр төлөвлөж байна.

Нөөцийн мах хөтөлбөр хэрэгжүүлэх хэр оновчтой санал бэ? Энэ үр дүнтэй байгаа юу? энэ асуудалд та ямар байр суурьтай байна бэ?

Нөөцийн мах хөтөлбөр бол махны үнийг гэнэт хөөрөгддөг  ер нь оновчгүй бодлого, ажиллагаа гэж боддог. Гэнэт их хэмжээний мөнгө мах бэлтгэлд гарч ирдэг. Дор бүрнээ нөөцийн мах бэлтгэхээр бэлэн мөнгө барин булаацалдаж нэг хоёрхон хоногийн дотор махны үнийг 50% , түүнээс ч илүү хувиар өсгөдөг нь буруу бодлого.

Төрөөс махаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа. Үүний тулд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах шаардлагатай. Төрөөс хүсэх дэмжлэг юу байна?

Одоогоор малын махаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа боловч  нэг хүнд оногдох малын тоо толгойтой харьцуулбал хэт өндөр үнэтэй байгаа.

Үнийг бууруулахад хөрөнгө оруулалтын төслүүдэд анхаарал хандуулж, төслийн шалгаруулалтыг шударга болгохыг зорих, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж, хариуцлага тооцдог болох, банкны хүүг бууруулах боломжийг судлах, эрчимжсэн мал аж ахуйг бодитой дэмжих, Малыг бүртгэн тоо толгойг бодитоор тогтоох зэрэг ажлыг яаралтай хийж өгөөч гэсэн хүсэлт тавьж байна.

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид хүнс үйлдвэрлэгчдэд хариуцлага хүлээх тогтолцоог чангатгасан нь дарамт үүсгэх шалтаг болдог уу?

Аливаа хариуцлагын тогтолцоог хэн нэг нь 100% үүрэх биш, ямар ч асуудал үүссэн буруутай этгээд оногдох хариуцлагаа үүрдэг байхаар хуульчилбал ажил хийж байгаа, тэр тусмаа хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст дарамт бага байх  болов уу.

Хүнс үйлдвэрлэгчид ор үндэсгүй, эсвэл гаргасан багахан алдааныхаа төлөө гүтгүүлж, элдэв асуудал үүссэний  дараа иргэний болон эрүүгийн хуулийн  холбогдох заалтыг барин нэр төрөө сэргээлгэхээр явах нь өнгөрсөн борооны араас цув нөмрөхтэй адил үр дүнтэй байдаг болохоор элдэв амар аргаар ашиг хайгчид энэ хуулийн заалтуудаар сүрдүүлэх нь элбэг болоод байгаа нь үйлдвэрлэгчдээс авсан судалгаанаас харагдаж байгаа.

Хуулийн хэрэгжилтэд асуудал бэрхшээл хэр байна энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

Хууль хэрэгжихтэй холбогдуулан төрийн зохих байгууллагуудаас гаргах  журам, заавар гарахгүй хүлээгдэж байгаа. Хууль өнгөрсөн гурван сарын нэгнээс хэрэгжээд эхэлсэн.

Харин хүнсний сүлжээний бүх шатанд зохистой дадал хэвшүүлэх заалтыг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлнэ. Үйлдвэрлэгчид бидний зүгээс хуулийн хэрэгжилттэй холбоотой ажлуудыг бүхий л нэгж, шатандаа хийгээд сайжруулаад явна.