Гудамж төслийн хэрэгжилттэй танилцлаа
Шадар сайд Д.Тэрбишдагва“Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 33 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын нэг болох Тасганы овооны уулзварын ажилтай биечлэн танилцлаа.
Хотын төвийн болон томоохон гэр хорооллууд руу явдаг ачаалал ихтэй замууд огтлолцдог энэхүү уулзвар түгжрэл ихтэй замуудын нэг. Харин одоо энд зорчих хэсгийн тоог нэмэгдүүлж, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, өргөтгөн шинэчлэх ажил ид өрнөж байна.
Зам барилгын ажлын явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжийн хашаа, газар чөлөөлөх шаардлага тулгарч, өмчийн эзэдтэй харилцан ойлголцож, тэднийг ямар нэгэн байдлаар хохироохгүй байх зарчим баримталж байгаа юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажилд хүндэтгэлтэй хандаж, улс орныхоо хөгжил, нийтийн эрх ашгийг ухамсарлаж сайн дураараа газар чөлөөлж байгаа тухайд Шадар сайд талархаж байгаагаа илэрхийлээд “Хичээл сургууль амарч хөдөлгөөний ачаалал сийрэгжсэн зуны улиралд зам барилгын ажлыг эрчимтэй хийж байгаад сэтгэл хангалуун байна.
Төсөл хэрэгжүүлэх нэгж болон зам барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниуд уялдаа холбоо сайтай шуурхай ажиллаж байгаа юм байна. Энэ эрчээ алдахгүй ажлаа үргэлжлүүлээрэй” гэлээ. Мөн хугацаа шахуу байгаа ч гүйцэтгэлийн чанарт анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан юм.
Тасганы овооны уулзварын шаардлагатай хэсгүүдэд өргөтгөл хийж, баруун зүүн тийш эргэх нэмэлт эгнээтэй болгож, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохиог шинэчилж, явган зорчигчийн зориулалтын зам шинээр тавих зэрэг цогц ажлын зураг төслийг “Ар Си Эс Си” компани боловсруулж, зам барилгын ажлыг “Төгс зам” компани гүйцэтгэж байна.