УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.08.06

МАН-ын удирдлагууд их хурлаар албан тушаалаа өгөхөөр боллоо

Ардын намын Бага хурал өчигдөр шөнөжингөө хуралдав. Шөнө хүртэл сунжирсан нь хурал нь цагтаа эхэлж, гишүүд нь ирцээ бүрдүүлээгүйгээс үүдэлтэй. Ямартай ч хүлээсний эцэст 70 гаруй хувийн ирцтэйгээр Ардын нам хүсэн хүлээсэн Бага хурлаа хийсэн юм.

Хүсэн хүлээсэн гэхийн учир нь Ардын намд шинэчлэл хийх, удирдлагуудаа солих гээд олон асуудлыг зорилгоо болгосон “Шинэчилье” хөдөлгөөнийхөн бий болсон болохоор тэр.

Хэсэг бүлэг залуусаас бүрдсэн энэ хөдөлгөөнийхөн улсын баяр наадмаас өмнө Бага хурлаа хуралдуулахыг шаардаж байсан. Түүнчлэн намынхаа Удирдах зөвлөлийнхнийг албан тушаалаа өгөх хэрэгтэйг ч хэвлэлийн хурал хийх болон сонин хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ дуулгаж байв.

Дутагдлыг өөрсдөөсөө эхэлж байна гэж Ардын намын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Мөн хөдөлгөөнийхөө төлөөлөл болгож ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хурлынхаа үеэр илтгэл тавьсан.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин

Харин Ардын намын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намыг өнөөдрийг хүртэл авч явахад алдаа нь юу байсан болон өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, Ардчилсан намынхны дарангуйллын талаар өөрийн илтгэлдээ дурьдсан.

Түүний илтгэлд анхаарал татсан, Ардын намынхан цаашид анхаарвал зохих асуудал нь “Ардчилсан нам өөрт олдсон давуу талыг ашиглан МАН руу бүх талаар довтлон улс төрийн хүчнийх нь хувьд түүхийн тавцангаас арчих үйл ажиллагааг шатлан өргөжүүлсээр байна” байсан юм.

Үнэхээр улс төрийн нөхцөл байдалд Ардчилсан намынхан хүч түрэмгийлж байгаа нь Ардын намынхан хүчгүй, сул дорой, эв нэгдэлгүй болсонтой нь холбоотой.

Үүнийгээ ч Ардын намын удирдлагууд хүлээн зөвшөөрлөө. Бага хурал болохоос өмнө Ардын намын дараагийн дарга хэн болох вэ гэсэн таамаг мэдээллүүд гарах болсон. М.Энхболд, У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдийн нэрс дуулдаж байсан юм. Ө.Энхтүвшин ч үүнийг нотлох шиг намын даргынхаа албан тушаалыг өгөхөө мэдэгдлээ.

Улс төрийн нөхцөл байдалд Ардчилсан намынхан хүч түрэмгийлж байгаа нь Ардын намынхан хүчгүй, сул дорой, эв нэгдэлгүй болсонтой нь холбоотой.

Тэрбээр Удирдах зөвлөлөөрөө уг асуудлыг тавьсан ч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй гэх. Гэхдээ Бага хурлаараа намынхаа 27 дугаар их хурлыг ирэх аравдугаар сарын 27-ны өдөр хийж, үүгээр одоогийнх нь удирдлагууд албан тушаалаа өгөхөөр болов.

Мэдээж Ардын намын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүс албан тушаалаа өгөх нь тодорхой болсон. Гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэдгийг хэн хэн нь мэдэж буй.

Ардын намын удирдлага, “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас шинэчлэл нэрийн дор хуралдаж, бие биеийнхээ саналыг сонссон хурал боллоо гэж дүгнэх нь бий. Нөгөөтэйгүүр намынх нь ахмад гишүүд өнөөдрийн цаг үетэй хөл нийлүүлж алхаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлтэй үлдсэн.

Хурлынхаа үеэр их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг “Шинэчилье” хөдөлгөөний залуустай хамтран зохион байгуулна, гадаадад байгаа Ардын намын гишүүдээ их хуралд оролцуулахаар болсон, 27 дугаар их хурлаа 1134 төлөөлөгчтэйгээр хийнэ гэхчлэн олон саналыг хамтдаа дэмжжээ.