Г.Батхүү: Ирэх оны төсөвт анхаарах зүйл их байна
Засгийн газар 2014 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа орлого 6,8 их наяд, зарлага долоон их наяд байхаар төлөвлөжээ. Орлого нь долоон их наяд 88 тэрбум, долоон их наяд 444 тэрбумаар баталсан 2013 оны төсвийн алдагдлаа хэрхэн нөхөхөө мэдэхгүй, тодотгол хийж шийдвэрлэхээс өөр арга зам Засгийн газарт үлдээгүй юм.
Гэтэл Сангийн яамны боловсруулсан 2014 оны төсвийн төслөөс харахад намуудын улстөржилт эдийн засагт хүндхэн цохилт авчрах шинжтэй байна.
УИХ-ын гишүүн Г.Батхүү: 2014 оны улсын төсөвт анхаарах зүйл их байна. Учир нь хийгдэх гэж буй томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд нилээд зогсонги байдалд орсон. Үүнийг хэлэлцүүлгийн явцад сайн шахах ёстой.
Нөгөө талаасаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаас илүү байгаа Бондын мөнгө, хөгжлийн банкны мөнгийг ямар хэмжээнд авч үзэж, ярих ёстойг ярих цаг нь болсон.
Өнөөдөр төсвөөс их хэмжээний мөнгө төсвөөс, төсвийн хуулиас гадуур хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулагдаж буй нь хүмүүсийн хардлагыг төрүүлэх, магадгүй бодит хөрөнгө оруулалт болж, үр ашиг, үр дүнгээ өгч чадахгүй байгаа зүйлүүд харагдаж байна гэлээ.
Засгийн газар үйлдвэржилт болон жижиг дунд бизнесээ дэмжих чиглэлд хойрго байдалтай төсвийг өргөн барьж байна. Гэтэл бодит сектороо дэмжиж амжаагүй байхад өрийн дарамт тулж ирлээ.
УИХ-ын гишүүн Г.Батхүү: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр, жижиг дунд үйлдвэрлэлийн сан руу чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай биш байсан. Сум хөгжүүлэх сангийн мөнгүүд цаг хугацаандаа очиж чадаагүй. Төсөв, эдийн засгийн хямралаас болоод зарим хөрөнгө оруулалтууд удааширсан зүйлүүд энэ онд ажиглагдаж байгаа.
Бондын мөнгө, хөгжлийн банкны мөнгийг ямар хэмжээнд авч үзэж, ярих ёстойг ярих цаг нь болсон.
Ирэх онд үүнийг аль болох давтахгүй байх эдийн засаг, хууль эрх зүйн харьцааг бий болгоход УИХ сайн ярих ёстой. Хэрэв цаг хугацаандаа мөнгөө өгч чадаагүй бол тендерт ялсан компаниудын ажлыг яаж дүгнэх, алданги нь хэн нөхөх ёстой.
Улс мөнгөө өгөөгүй учраас өгсөн цагт нь авах ёстой гэж сууж байгаад найман сар өнгөрөөд мөнгөө авсан хүмүүс ямар чанартай зам барилга барьж, ажил үйлчилгээ хийхэв гэдэг бол асуудал дагуулсан асуудал гэсэн юм.
Шинэчлэлийн Засгийн газрын өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд шинэчлэлийн бодлого нэг ч харагдахгүй байна. Хуучны цалин тэтгэвэр нэмэх, байшин барилга барих хэлбэр дахин үргэлжлэхээр харагдаж байгаа юм.