С.Ганбаатар:Төсвийн тодотгол байх ёсгүй
УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар хэлэлцжээ. Төсвийн хуулийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйл хариулт авсан юм.
-Ирэх оны төсвийн хуулинд бие даагчдын зөвлөл ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалт энэ жил тасалдсан.Төсвийг боловсруулахдаа төсөвчид хөөсрүүлсэн байна гэж дүгнэсэн. Төсөвт 2013 онд нэг их наяд 524 сая төгрөгийн хөрөнгө оруулалт суутгасан бол 2014 онд нэг тэрбум 250 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт суутгаж байна.
Үүнийгээ аманд ч үгүй, хамарт ч үгүй тараахаар нэг төмрын баяжуулах үйлдвэр бариач ээ, Монгол орон хадаасаа хийдэг болчихмоор байна. 76 улсаас ирсэн Элчин сайдууд шиг тараахаар томоохон зүйлд зарцуулчихмаар байна.
-Төсвийн тодотгол заавал байх зүйл үү?
-Төсвийн тодотгол уг нь байх ёсгүй зүйл. Жишээ нь, Герман төсөвтөө хэзээ ч тодотгол хийдэггүй. Алдагдалтай төсөв батална гэдэг ирээдүйгээсээ, дараа жилийн төсвөөсөө зөвшөөрөлгүй хулгай хийж байгаа явдал юм.
“Төсөв тодотгож болно, төсвийн төсөөллийг үндэслэлтэй тооц”
Бие даагчдын зөвлөл “Төсөв тодотгож болно, төсвийн төсөөллийг үндэслэлтэй тооц” гэсэн байр суурьтай байна. Гэхдээ УИХ дээр олонхиороо шийддэг шүү дээ.
-Төсвийн тодотголын хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хэмжээгээр хасагдаж байх шиг байна. Үүнд тойргоос сонгогдсон гишүүд бухимдаж байгаа харагдсан. Танай тойргийн тухайд хэр ажил тасалдахаар байгаа бол?
-Улс орны хэмжээнд орон нутгийн хөрөнгө оруулалт тасалдсан нь үнэн. Харин тойргоос гарч ирсэн сайд нар өөрийнхөө тойрог дээр ахиухан мөнгө тусгасан байна гэсэн маргаан гарсан. Үүнийг төсвийн ажлын хэсэг дээр ярилцана.