Л.Энх-Амгалан: Хөрөнгө оруулалтыг хасч болохгүй
УИХ-аар 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийгээд багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцсон юм. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байгаа. Төсвийн төсөөллийг чамбайруулахын тулд УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр ажлын хэсэг байгуулагдан ажиллах болсон. Энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүдээс ирэх оны төсвийн төсөлд ямар алдаа байгаа, сайжруулах чиглэлд зарчмын ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхлоо.
Засгийн газар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн төсөөллийг хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн нь өмнөх алдаанаасаа огт сургамж авсангүй гэх дүгнэлт хийхэд хүргэж байгаа. Мөн ирэх оны төсвийг энэ оны төсөвтэй харьцуулахад хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр хассан нь бизнесийн хүрээг хумьсан бодлого юм. Ийм нөхцөлд ажлын байрыг хадгалж, шинээр бий болгож чадахгүй шүү дээ.
2014 оны төсвийн төсөл, 2014 оны Мөнгөний бодлогын эсрэг төсөөлөгдсөн байгаа нь засахаас аргагүй.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нийт өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьтай тэнцүүлэхээр төсвийн төслийг оруулж ирсэн нь ирээдүйд Монголын ард түмнийг их өрийн дарамтад оруулах эрсдэлтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 онд Монгол Улсын нийт өр ДНБ-ний 40 хувиас давах ёсгүй. Гэтэл түүнийгээ зөрчөөд, хуульд өөрчлөлт оруулах замаар өрийн хэмжээг нэмэгдүүлэх болж байгаа нь буруу шийдэл.
Мөн 2014 оны төсвийн төсөл, 2014 оны Мөнгөний бодлогын эсрэг төсөөлөгдсөн байгаа нь засахаас аргагүй. Жишээ нь, ирэх оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр төсөөлсөн нь орлогыг бодитой төлөвлөх боломжгүй болгож байгаа. Тийм учраас валютын ханшийг бодитой тогтоох ёстой. Ирэх онд бодит сектороо дэмжихийн тулд хөрөнгө оруулалтын 500 тэрбум төгрөгийг үлдээж оронд нь үр ашиг муутай төсвийн урсгал зардал, үйл ажиллагааны зардлуудыг хасах ёстой гэж бодож байна.