Монгол Улсын Их Хурлын Гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол
2013.10.24

Д.Оюунхорол: Хөрөнгө оруулалтыг ирэх онд шилжүүлэх ёстой

УИХ-аар 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийгээд багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцсон юм. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байгаа. Төсвийн төсөөллийг чамбайруулахын тулд УИХ дахь намын бүлгүүдээс тус бүр ажлын хэсэг байгуулагдан ажиллах болсон. Энэ удаад УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүдээс ирэх оны төсвийн төсөлд ямар алдаа байгаа, сайжруулах чиглэлд зарчмын ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар байр суурийг нь сонирхлоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2013 оны төсвийн тодотголыг нягтлахад хөрөнгө оруулалт 425 тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Тэгэхээр энэ онд хийгдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжуудыг  2014 оны төсөвт шилжүүлэх шаардлагатай.

Аймаг, сумын төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоог тогтоох эрхийг аймгийн ИТХ, засаг даргад бүрэн шилжүүлмээр байна.

Ийм зохицуулалт хийхийн өмнө 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг ил тод болгох ёстой. Гол нь шаардлага хангасан эсэхийг нягтлах нь төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй зарцуулагдахаас сэргийлсэн арга хэмжээ болох юм.

Нөгөөтэйгүүр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслүүдийг харж байхад төрийн зардал, төрийн өмч, эдийн засаг дахь төрийн оролцоо данхайж байна. Тэгсэн атал өөрийнхөө хүчээр, бор зүрхээрээ бизнес хийж буй хүмүүст  баялаг бүтээх боломж, бизнес хийх орчинг нь улам хумьж байгаа нь эргээд иргэд, хувийн хэвшлийнхний  урагшлах замд саад тотгор болж, хүнд суртлыг бий болгож байгаа.

Тухайлбал, аймаг орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гол байгууллага  болох халамж, даатгалын байгууллагуудын дарга нарыг босоо тогтолцоонд шилжүүлсэн явдал нь тухайн аймаг орон нутгийн удирдлагаас тухайн салбарт хариуцлага тооцох, үүрэг хүлээлгэх боломж бараг байхгүй байна.

Татварын хэлтэс, Халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Улсын бүртгэл, мэргэжлийн хяналтын газар гэх мэт. Бид төвлөрлийг сааруулна гэж олон жил ярилаа. Орон нутагт татвараа төвлөрүүлж чадахгүй, иргэндээ халамж үзүүлж чадахгүй, ажил эрхлэлтээ зохицуулж чадахгүй, орон нутгийн удирдлага яаж ажиллах юм бэ. Аймаг, сумын төрийн захиргааны байгууллагын бүтэц орон тоог тогтоох эрхийг аймгийн ИТХ, засаг даргад бүрэн шилжүүлмээр байна. Энэ мэт суурь зохицуулалтыг Засгийн газар хийх шаардлагатай.