Ц.Даваасүрэн: Ц.Нямдорж амнаасаа болж хальтирчих вий дээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2013.10.25

Ц.Даваасүрэн: Ц.Нямдорж амнаасаа болж хальтирчих вий дээ

Иргэний нисэхийн ерөнхий газар, Монголросцветмет нэгдэл, Дархан-Уул аймгийн ЗДТГ-т Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун гэсэн гишүүд өөрсдийн хүнээ удирдах албанд тавьсан хэмээн эрхэм гишүүн Ц.Нямдорж хэвлэлээр мэдэгдсэн. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд бүрэн хамаарч болох энэ баримтаа УИХ-ын ёс зүйн хороонд өгөлгүй, хэвлэлээр ярин улстөржсөнд Ц.Даваасүрэн гишүүн гайхаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг энэ асуудлаа нотлохгүй бол шүүхэд хандаж нэр төрөө сэргээнэ гэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж таныг өөрийн хүнээ өндөр албан тушаалд тавьсан гэж мэдэгдсэн. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

Өөрөө албан тушаалд хүрэхийн тулд шантаачилж, өөрийгөө үнэлдэг зүйл байдаг. Тэрэн шигээ бодож тийм зүйл гаргасан байна лээ. Өмнө нь дүүгээ гаалийн, татварын дэдээр тавьсан гэсэн огт ор үндэсгүй зүйл ярьсан. Миний хоёр дүү Хөвсгөлдөө бий. Хэрвээ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, гааль, татварын дэдүүд ямар нэгэн байдлаар надтай төрөл садангийн, нутгийн, найз нөхөд гээд сонирхлын зөрчилтэй хүн байвал би ёс зүйн хариуцлага хүлээнэ.

Хүнийг хардаж болно, харин худал гүтгэж болохгүй. Нэг өдөр шүүх дээр тайлбар хийх асуудал гарна.

Амнаасаа болж байгаад хальтирчих вий дээ гэж хэлэх байна.

Сүүлийн үед ажиглаад байхад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эрх баригчид руу  нэлээд дайрдаг болоод байна?

Намын их хурал дөхсөн болохоор тэгж байгаа юм. Намын их хурал дээр би л сүрхий тэдэнтэй үздэг хүн гэж өөрийгөө товойлгох гэж оролдож байна. Өөрийгөө нэр дэвшүүлэх ч юм уу даргын нэрэн дунд хавчуулж яваад удирдах зөвлөлд үлддэг арга нь л хэвээрээ явж байна. Ц.Нямдорж ер нь л шантаажаар амьдарч байгаад хэдэн удаа сайд хийчихсэн. Дарга нарын нохойд барьдаг мод болоод явж байдаг байсан. Тэр зан чанараараа бусдыг хардаж, төсөөлдөг болчихсон. Д.Тэрбишдагва гишүүн “Улс төрийн зөнөг гэж үүнийг хэлдэг юм” гэж байсан шүү дээ.