Шадар сайд Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцлоо
Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын нээлтэд Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо.
2013.10.30

Шадар сайд Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцлоо

Их Түмэн Санаачилга хөтөлбөрийн 14 дэх зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх бөгөөд, нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр оролцлоо.

Энэхүү хөтөлбөрийн гишүүн орнуудын бүс нутаг болон дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр Засгийн газрын бодлогод нийгмийн болон байгаль орчны хариуцлагатай үйлдвэрлэл, бүх нийтэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт ногоон хөгжил зэрэг хүрээлэн буй орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн загварыг эрэлхийлсэн чиглэл давамгайлах болсныг Шадар сайд онцолсон.

Мөн тэрээр Монгол Улсын хувьд бүс нутгийн тогтвортой  хөгжлийн нэгдмэл зорилтыг хангахын тулд олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграц болон дэд бүтцийн сүлжээнд нэгдэхийн төлөө ажиллаж  байна гэсэн юм.

Хөтөлбөрийн гишүүн орнуудын бүс нутаг болон дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр хүрээлэн буй орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн загварыг эрэлхийлсэн чиглэл давамгайлах болсныг Шадар сайд онцоллоо.

Их түмэн санаачилга хөтөлбөрийн энэ жилийн уулзалтын онцлог нь БНСУ, БНХАУ-ын Экспорт, импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банкны хамтын ажиллагааны “Зүүн хойд Азийн Эксим банкны холбоо”-г байгуулсан явдал аж.

Энэ банкны холбоо нь бүс нутаг дахь эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлж Их түмэн санаачилга хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газартай  хамтран ажиллах юм байна.

Энэхүү форумд  БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, БНХАУ-ын худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга, НҮБ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч болон олон улсын банк санхүүгийн  байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож  байгаа аж.