Б.Отгонбаатар: Завхан аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой
Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатартай орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Танай аймаг бол уул уурхай, газар тариалан харьцангуй бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий. Танай аймгийн хөгжлийн гарц юу байна вэ?
Манай аймагт уул уурхай хөгжөөгүй. Дөрвөлжин суманд Баян-Айраг гээд алтны чиглэлийн ганц л уурхай байгаа. Манай аймаг харьцангуй дэд бүтэц хөгжөөгүй, алслагдмал аймаг. Гэхдээ одоогийн онцлогоо харахаар манай аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлсэн ногоон аймаг болохоор ч бид төлөвлөөд явж байгаа.
-Өмнө нь аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байсан юм бэ?
Өмнөх засгийн үед одоогийн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 2011 оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарлаад ажиллаж байсан.
Бурхан шашны арван тамгатай хутагт эндээс төрж байсан
Цаашид энэ бодлогоо бариад явна. Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг гол чиглэлээ болгож байгаа шиг бид ч бас дутахгүй хөгжүүлнэ. Гэхдээ мал аж ахуйгаа орхихгүй. Манай аймагт барилгын материал үйлдвэрлэл хөгжих боломжтой. Ирэх жилээс 100 мегаваттын шинэ дулааны цахилгаан станц баригдаад эхэлвэл жилийн дотор ашиглалтад орох боломжтой. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Баруун бүсийг тэр чигт нь цахилгаанаар хангах хүчин чадалтай станцтай болно гэсэн үг.
Энэ ажлыг Засгийн газрын хэмжээнд шийдээд явж байгаа. Хэрвээ ашиглалтад орвол барилгын материал боловсруулах, түүхий эд ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл хөгжих боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой.
-Танай аймгийн хувьд ажиллах хүчний байдал хэр байдаг вэ. Хүн ам зүйн бодлогоо яаж тодорхойлж байгаа вэ?
Манай аймаг 1997 онд 120 гаруй мянган хүн амтай байсан. Одоогийн байдлаар 70 орчим мянган хүн амтай. Улиастай хот 18 орчим мянган хүн амтай. Бид хүн амаа өсгөх тал дээр анхаарч байгаа. Өнгөрсөн жилээс хойш орон нутаг хөгжлийн санд мөнгө хуваарилах болсноос хойш их анхаарч байна. Өнгөрсөн жил манай аймагт 9,6 тэрбум төгрөг хуваарилагдсаныг аймгийн иргэдийн хурлаараа шийдвэрлэж зарцуулсан. Энэ жилийн хувьд 11 орчим тэрбум төгрөг хуваарилагдах төсөөлөлтэй байгаа. Гэхдээ үүнээс өмнө Ерөнхийлөгчөөс Их хуралд өргөн барьсан зохицуулалтаар өөрчлөхгүй байх гэж найдаж байна.
Завхан аймгйн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Отгонбаатар
Бид хүн амаа өсгөхөөр нутгийн зөвлөл, сум аймгийнхаа ард иргэдийг буцааж шилжүүлэх талаар ярьж байна. Аймагтаа сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд Улиастай хотоо юун түрүүнд хөгжүүлэхээр ажиллаж байна.
Том хотын хэмжээнд цэвэр цэмцгэр тухтай болгохоор зорьж ногоон байгууламж, гэрэлтүүлэгт анхаарч байна. Мөн ажлын байр бий болгох чиглэлд анхаарч, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, аж ахуй нэгжүүдэд таатай орчныг бүрдүүлнэ.
-Аялал жуулчлал бол ногоон эдийн засгийг хөгжүүлэх том арга. Яг энэ хүрээндээ ямар алхмуудыг хийж байгаа вэ?
Өнгөрсөн жил аймгийнхаа 90 жилийн ойгоор олон бүтээн байгуулалтыг хийсэн. Аялал хөгжүүлэх чиглэлээр Отгонтэнгэр цогцолборыг байгуулахаар шийдвэрлэж газраа товлосон. Манайхан “Будда тур” гэх мэтээр Тайланд, Тайвань руу шашны аялал жуулчлалаар их явж байгаа. Үүн шиг Отгонтэнгэр хайрхан маань төрийн тахилгатай, том шүтээнээ олны анхаарлыг татсан, сонирхолтой үзэж харах зүйлсээр баяжуулж хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай аймагт олон тамгатай хутагт төрсөн ариун газар. Тиймээс энэ бүхнээ аялал жуулчлаын бааз сууриар бэхжүүлж, бодлогоор дэмжвэл олон ажлуудыг хийнэ.
Ямартай ч аялал жуулчлалын том цогцолборыг арван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулна. Түүнчлэн бусад үзэсгэлэнтэй газрууд Хар нуур, Отгонтэнгэр хайрхандаа маршрут гаргана. Бид гадны гэхээс илүү дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна.
-Завхан аймаг уулархаг нутаг учраас дэд бүтцийн асуудал хүнд байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дэд бүтцээ яаж хөгжүүлэх вэ?
Манай Загагтайн даваа гээд урт даваа бий. Энэ жил “Тэнгэр уул” компани ажиллаж давааг давсан зам тавьж байгаа. Хятадын цагаан хэрэм шиг замын хажууд урт хашлага бариад зам барьж байна. Ирэх жил гэхэд ашиглалтад орно. Дэд бүтцийн асуудлууд цаашид шийдэгдэнэ. Манай аймагт долоо хоногт хоёр удаа онгоц буудаг.
Ярилцсанд баярлалаа.