М.Энхболд: Их хурлаар тохиролцоо хийсэн юм байхгүй
Өчигдөр МАН-ын дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нарыг хүлээн авч, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийсэн юм. Уулзалтад оролцох урилгыг 16 намын даргад хүргүүлснээс 13 нь хүрэлцэн ирсэн байлаа. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар уулзалтад ирээгүй байсан.
Уулзалтын эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн бөгөөд сүүлийн үед сонгууль мөнгөний нөлөөлөлтэй болох болсон. Үүнээс хэрхэн ангижрах, санал тоолох автомат систем хэр зохимжтой байгаа талаар намууд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэлээ. Мөн баялгийн шударга хуваарилалтын талаар ярих ёстой. Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийн хуваарилалт тэгш бус, тогтворгүй байгаа тул иргэдийн дунд талцах байдал бий болж буйг мэдэгдсэн.
Намын даргын хэлсэн өөр нэг зүйл нь гадаад харилцааны талаар байлаа. Хөрш хоёр оронтойгоо уламжлалт харилцаагаа сэргээж шинэ түвшинд гаргах ёстойг хэллээ. Түүнчлэн залуусын боловсролын талаар цаашид арга хэмжээ авах хэрэгтэйг онцолсон.
Тэгвэл Монголын үндэсний ардчилсан намын дарга М.Энхсайхан “Өнөөдөр нэг уулзсанаараа бид нэг санаа бодолтой, зорилготой болно гэж байхгүй. Урьд өмнө нь иймэрхүү уулзалтууд болж байсан ч үр дүнд төдий л хүрч байсангүй. Үндэсний эрх ашиг биднийг нэгтгэж байх ёстой. Өнгөрсөн 20 жилд бид энэ үгийг мэдэрсэнгүй явлаа. Үндэсний эрх ашгийнхаа томъёоллыг ч гаргаж чадсангүй” гэсэн юм. Түүнээс хойш намын дарга нарын уулзалт хаалттай үргэлжиллээ.
Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцсан байна. Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгоход харилцан ойлголцож хамтран ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зуржээ.
"Үндэсний зөвшилцөл" уулзалтын үеэр
Санамж бичигт, Монгол Улсын Улс төрийн намуудын дарга нар улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг үндэс болгон ард түмнийхээ өмнө тулгамдаж буй асуудлаар байр суурь, үзэл бодлоо харилцан ойлголцож нэгтгэн нийгмийн зөвшилцлийг бий болгон Монгол Улсынхаа цаашдын хөгжлийг түргэтгэхэд хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж ажиллана гэжээ.
Уулзалтын дараа МАН-ын дарга М.Энхболдоос тодруулга авснаа хүргэе.
-Таны санаачилсан уг уулзалт сөрөг хүчний хүчийг нэмэх нэг арга байсан гэж ойлгож болох уу?
-Миний зохион байгуулсан уг уулзалт сөрөг хүчний хүчийг нэмэх гэсэн зорилгоор хийгдсэн арга хэмжээ огтхон ч биш юм.
Манай намын XXVII Их хурлаас улс орны хөгжлийн асуудал, нийгмийн өмнө тулгамдаж буй томоохон анхаарал хандуулах хэмжээний зүйлсэд үндэсний зөвшилцөл ойлголцлыг бий болгож цаашаа явах юм байна гэсэн уриалгыг гаргасан. Их хурлаар сонгогдсон намын шинэ даргын хувьд хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх зорилготойгоор энэ удаагийн уулзалтыг улс төрийн бүх намуудын хүрээнд урилга хүргүүлэн зохион байгууллаа.
Уулзалтад Засгийн эрх барилцаж байгаа МАХН, МҮАН-ын төлөөлөл ирж оролцлоо. Харин Ардчилсан нам, ИЗНН-ынхан ирсэнгүй. Түүнээс бусад парламентын гадуур байгаа бүхий л намууд ирцгээж санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, халуун яриа өрнүүллээ.
-Таныг АН-тай хамтарч Засаг байгуулна хэмээн намынхандаа амласан гэдэг яриа гарсан. Танай намын зүгээс АН-тай хамтрах бодолтой байгаа юм уу юу?
-Уулзалт ярилцлага болсон тухай асуудлыг энэ удаагийн уулзалтад ирээгүй намын удирдлагуудад материалыг нь үзүүлж, танилцуулна. Тэд ойлголттой болсноор улс төрийн намууд дараа дараагийн хэлэлцээрт оролцох байх гэдэгт итгэлтэй байна.
Энэ нь ямар нэгэн улс төрийн намуудын нийлэх нэгдэх, Засгийн газар хамтарч байгуулах асуудал байхгүй. Бид тодорхой асуудлуудыг ярилцах зөвшилцөх механизмыг бүрдүүлье гэсэн хүсэлтэй байгаа.
-Эрх барьж буй АН-ын дарга яагаад уг уулзалтад ирсэнгүй вэ?
-Өчигдөр (уржигдар) оройны байдлаар Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг ирнэ хэмээн манай намынхан надад хэлж байсан. Ерөнхий сайд ажил ихтэй байдаг болохоор гэнэт ажил гараад ирээгүй юм болов уу.
-Танай намын зүгээс ирэх оны төсөвт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Намын даргын зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Төсвийн хувьд ярихаар зүйлс их байна. Зардал хямдруулах цалин нэмэгдүүлэх асуудал олны анхаарлыг татаж байгаа. Ирэх оны төсвийн тогтвортой байдлын хуульд заагдсан өрийн босгын тал дээр манай нам сөрөг хүчин гэдэг утгаараа хатуу байр суурьтай байгаа юм. Монгол Улсын эдийн засаг хаашаа явж байна вэ гэдэг дээр тодорхой дүгнэлт өгөхөөр зүйлс бий.
-Улс төрийн намуудын санхүүжилтийг улсын төсвөөс хийдэг болъё гэсэн санал гараад байгаа. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс төрийн намуудын санхүүжилтийн хуулийн төслийг боловсруулах ажил их хурал дээр хийгдэж байгаа. УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулах ажлын хэсэг ажиллаж байна.
Намууд сонгуульд оролцох үед нь тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх явдал чухал юм.
Учир нь улс төрийн намууд бизнесийн байгууллагуудын хараат байдалд орох нь нэмэгдэж байгаа. Хүссэн хүсээгүй улс төрийн үйл ажиллагаа явуулахад хөрөнгө мөнгөний асуудал шаардлагатай болно. Ямар нэгэн бизнесийн байгууллагатай тэр талаар ярихаас өөр аргагүй байдалд ордог энэ байдлыг халах хэрэгтэй. Хуулийн дагуу санхүүгийн дэмжлэгийг нь үзүүлж, сонгуульд ороход адил тэгш гарааг хангах нь зүйтэй.
-МАН-ын XXVII Их хурлаар таныг тохиролцооноосоо буцаж намынхнаа гомдоосноос болоод танай намынхан танд дургүй болсон гэсэн яриа гараад байна. Яагаад тохиролцооноосоо буцах болов оо?
-Намын 1121 гишүүн цугласан энэ хурал дээр тохироо хийнэ гэж юу байхав. Мэдээж Их хурлын дараа намын Бага хурал, Удирдах зөвлөлд орох сонирхолтой хүмүүс байсан. Их хуралд оролцсон хүмүүс бүгд Бага хуралд орно гэж байхгүй.
Бага хурлын 310 гишүүн бүгд Удирдах зөвлөлд орж чадахгүй. Тиймээс хүн хүний сэтгэлд гомдсон барьсан зүйл байдаг байх. Нам шинэчлэгдэх өөрчлөгдөх үйл явцыг аваад явчих хэмжээний боломжтой хүмүүс ажиллах ёстой. Түүнээс ямар нэгэн хуйвалдаан, тохиролцоо хийсэн юм байхгүй. 1000 гаруй хүн таван өдрийн турш санаа бодлоо уралдуулж, 274 хүн үгээ хэлж байж намын хурлын шийдвэрүүд гарсан.