2013.11.15

Монгол улс гаднаас 60-80 мянган тонн гурил импортлоно

Тариалангийн салбар энэ онд хүнд цохилтонд орсон гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Улаанбуудайн урамшуулал, шатахууны хөнгөлөлттэй нийлүүлэлт саатсанаар гурилын дотоод хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахаа байж, ОХУ-аас 80 мянган тонн гурил импортлохоор болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Төлөвлөсөн хэмжээнээс бараг 100 гаруй мянган тонноор бага ургац авах байх. Монгол улс гаднаас 60-80 мянган тонн орчим бэлэн гурил импортлоно. Энэ нь эргээд валютыг нэмэгдүүлнэ. Үнийн асуудал орно. Гурилын үнэ өсөх нь тодорхой болж байх шиг байна гэлээ.

Монгол орны тариалангийн бүс нутгууд дахь хөрсийг хамгаалах ажил сүүлийн жилүүдэд бүрэн хаягдсан. Нийт эргэлт нь 600 мянган га газар ордгийн 60 гаруй хувь нь элэгджээ. Хөрсөө хамгаалж байж ирээдүйн тариалангийн салбараа хамгаалах учиртай. Тариаланчдад мөнгө биш бордоо олгох нь хамгийн чухал байна.

Монголын газар тариаланчид Хятадын зах зээлд зориулж тосны ургамал тарих нь эрс нэмэгдлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ, Монгол улс үр тариагаа, гурилаа хангаж чадахаа больсны шинж. Үндсэндээ монголын газар тариаланчид Хятадын зах зээлд зориулж тосны ургамал тарих нь эрс нэмэгдлээ. Буудайн тарилт эрс багасаж, тосны ургамлын тарилт эрс нэмэгдсэн. Энэ нь бодлогын том алдаа гарч буйн шинж. Одоо монгол улс буцаад гаднаас гурил импортлох болж эхэлж байна гэсэн юм.

Манай улс нийт 240 гаруй мянган улаан буудайг дотооддоо гурилын зориулалтаар хэрэглэдэг. Одоогоор 70 гаруй гурилын үйлдвэр хичнээн мянган тонн улаан буудай авсан нь тодорхойгүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан стандартын шаардлагад нийцсэн хүнсний буудайг 320 мянган төгрөгөөр авч байна.