2013.11.20

Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг батлуулна

МҮОНТВ-ийн “Ярилцъя” хөтөлбөрийн зочноор Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Э.Одбаяр оролцлоо.

-Хэдхэн өдрийн дараа “Хүүхдийн эрхийн тухай конвенц” баталсан өдөр тохионо. Олон улсын конвенцид нэгдсэн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ монгол улс, монгол улсын Засгийн газар хэр биелүүлж чадаж байна вэ?

-1989 оны 11-дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-аас “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг баталсан. Монгол улсын хувьд 1990 онд тус конвенцид нэгдэн орсон. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр санаачлагатай орнуудын тоонд зүй ёсоор багтдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн газар нийт хүүхдийн эрхийн хөгжил хамгаалалтай холбоотой дөрвөн удаагийн илтгэл тайланг хүргүүлсэн.

2014 онд хүүхдийн эрхийн тав дахь удаагийн тайланг бэлтгэх томоохон ажил хүлээж байгаа. “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулаад ерөнхий сайдаар ахлуулсан “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн энэ оны сүүлийн хагас жилийн хурлыг хийнэ. Хүүхдийн эрхийн асуудлыг хүүхэд гэр бүлийн хөгжлийн чиглэлээр гэр бүлтэй нь цогцоор нь авч үзэж байж бодит утгаараа төрийн бодлого хөрсөнд буух нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.

Хүүхдийн эрхийг хамгаалахад гэр бүлийн орчноос гадна салбар дундын оролцоо чухал.

Цаашид 2014 оны хүүхэд гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна. “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал”-аар байгууллагын хүүхдийн эрх хөгжил, хамгааллын чиглэлээр баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлж батлуулна.

Бодлогын баримт бичгийг боловсруулахын тулд монгол улсын 21 аймаг, нийслэл дүүргүүдээрээ цуврал хэлэлцүүлгүүдийг хийж, нийслэлд хүүхдийн эрх хамгаалагчдын чиглэлээр үүрэг хүлээгчдийн чуулган, хүүхдийн оролцооны байгууллагуудын чуулганыг зохион байгуулна.

Энэ бүх чуулгануудаас гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэн бодлогын баримт бичгийг эцсийн байдлаар “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-д танилцуулахаар төлөвлөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад гэр бүлийн орчноос гадна салбар дундын оролцоо чухал.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...