С.Ганбаатар: Мөнгөө төлсөн хүн хөгжим захиалдаг болно
УИХ-н гишүүн С.Ганбаатар
2013.11.27

С.Ганбаатар: Мөнгөө төлсөн хүн хөгжим захиалдаг болно

Хүн бүрийн эрүүл аж төрөх, эрүүл саруул амьдрахуйн гол хөшүүрэг болох учиртай Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь даатгуулагчийн эрхийг бүхий л төвшинд хамгаалж дээдлэхэд чиглэгджээ.

Засгийн газраас өргөн барьсан болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн санаачилсан гурван хуулийн төслийг нэгтгэх замаар ажлын хэсэг хуулийн төслийн гол ноён нурууг босгоод байгаа аж.

Хуулийн төсөлд орж буй зарчмын гол өөрчлөлтүүд юу вэ?

Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээ авна гээд даатгалд өгсөн мөнгөнийхөө оронд иргэд чанартай үйлчилгээ авч байна уу гэвэл үгүй. Эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүс муу үйлчилгээ авбал хариуцлага тооцдог засаглалын эрх мэдлийг даатгуулагчдад өгье гэдэг санааг шинэ хуулиар хөндөж байгаа юм. Эрүүл мэндийн даатгал яах гэж бий болсон бэ гэвэл хэзээ нэг цагт хэлж биш хийсч ирдэг өвчин тусах хэцүү үед санхүүгийн эрсдэл­гүй байя гэж гаргасан хууль.

Энэ яаж хагалгаа хийж, хэрхэн онош тавьж, яаж хагалгаа хийх вэ гэдгийг ярьдаг­гүй хууль.  Гэтэл өнөөдөр яаж байна вэ гэхээр таныг санхүүгийн эрсдэлд  оруулж байна шүү дээ. Насаараа даатгалд мөнгө төлчихөөд хэн нэг нь өвчин тусвал хамаатан даяараа бужигнаж байгаа. Одоо эрүүл мэндийн тогтолцоо юун дээр тогтож байна вэ гэвэл бие биеийнхээ хайр дээр тогтож байгаа. Хамаатнууд нийлж байраа зардаг, дахиад хэн нэгийнх нь зардаг. Хамгийн сүүлд нь тэр хүнээ алддаг.

Насаараа даатгалд мөнгө төлчихөөд хэн нэг нь өвчин тусвал хамаатан даяараа бужигнаж байгаа.

Даатгал өнөөдөр улам нэр хүндгүй, хүмүүс бүр өгөхгүй болох гээд байна шүү дээ. Үүн дээр гаргалгаа нь юу юм бэ. Эрүүл мэндийн даатгалд ямар өвчин, онош, эмчилгээ үйлчилгээ, эмнэлгийн бүтээгдэхүүн, ямар үнээр хамрагдах вэ гэдгийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дээр шийдье гэж байгаа юм. Даатгал төлж байгаагийн үнэ цэнийг мэдэрье. Өгч байгаа мөнгөний араас хариуцлага тооцдог даатгал төлөгчдийн засаглалыг нэмэгдүүлье гэдэг нь энэ хуулийн гол санаа юм.

Эрүүл мэндийн даатгалд жилдээ хэчнээн төгрөг эргэлдэж байна вэ?

Хүмүүс эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг улсын байгууллага гэж ойлгодог. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын газар бол төсвөөс санхүүждэггүй, даатгал төлөгчдийн шимтгэлийн дөрвөн хувиар санхүүждэг. Жилдээ 180 тэрбум төгрөгийг “Надад сайн эрүүл  мэндийн үйлчилгээ үзүүлээрэй” гэж энэ байгууллагуудад өгдөг.

Тэр үндсэн дээр эмнэлгүүдээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээний худалдан авалт хийдэг. Энэ процесс өөрөө сайд нарын улстөрчдийн халаасанд орчихоод байна. Энэ байгууллагыг даатгуулагчдын мэдэлд байлгах ёстой. Энэ байгууллага нам, улстөр, бүлэг фракцаас хараат бус байх ёстой.

Энэ бол хуулийн амин сүнс нь. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд үр дүн, хариуцлага хангалтгүй байна. Эмнэлгүүд бидний мөнгийг дунд нь брокердож байгаа сайд, дарга нарт хөлөө хугалах шахам гүйх биш тэр мөнгийг жинхэнэ эзэд буюу даатгуулагчдад өгч бөхийж ажиллах тогтолцоог хүсч байна.

Энэ хууль гарч ирснээр иргэн надад ямар үр дүн авчрах вэ?

Мөнгөө төлсөн хүн хөгжим захиалдаг болно. Ямар эмчилгээ, үйлчилгээг ямар үнэ тарифаар авах вэ гэдгийг даатгуулагчид өөрсдөө мэддэг болно. 180 тэрбум төгрөгийн 140 тэрбумыг бид ашиглаж чаддаггүй. Энэ бол хадгаламж зээлийн хоршоо биш. Энэ мөнгийг аль банкинд, ямар хүүтэй­гээр хадгалж байгааг хэн ч мэдэхгүй. Зурагт болго­ноор л нэг хүүхэд өвдсөн, эх шаналсан дүр зураг гарч байна. Монгол орон даяараа сэтгэл өвдөж байна шүү дээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах гэх өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээг өнгөрсөн жил гарсан тоогоор нь дэлхийн хэмжээний хамгийн чанартай үйлчилгээний зардлаар тооцоход есөн тэрбум төгрөг гарч байгаа юм. Тэгэхээр монголчууд өндөр өртөгтэй хагалгааг 100 хувь шийдэх боломжтой байхад зөвхөн энэ хууль саад болж байгаа юм.  Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатга­лын тухай хууль  бол олон хүний ашиг сонирхол, амь амьдралтай хол­боотой хууль.

Амин чухал хэрэг­цээтэй зүйлээ ард түмэн дэрхийтэл дэмжих хэрэгтэй байгаа. Нэг сайн зүйл гэвэл манай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам гурав Эрүүл мэндийн даатгалын газрыг бие даалгах хэрэгтэй гэдэгт зарчмын хувьд нэгдэж байгаа. Гэхдээ та бүхний дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй байна.