Н.Алтанхуяг: Миний хэлснийг Ерөнхийлөгчтэй харгалдуулаад хэрэггүй
- Ухаалаг төрийг төлөвшүүлэх чиглэлд хийж байгаа ажил хэлбэр хөөж байна гэж шүүмжлэв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлттэй, ухаалаг төрийг төлөвшүүлэх чиглэлд хийж байгаа зарим ажлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд “Төрийн түгжрэлгүй үйлчилгээг бий болгох, хээл хахууль, авлига, хүнд суртлыг устгах нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтын нэг.
Төрийн түгжрэлгүй үйлчилгээ гэдэг нь иргэд шаардлагатай мэдээллээ чирэгдэлгүй авах явдал. Яам, агентлагууд мэдээллээ солилцдог, тэр мэдээллийг иргэд авдаг байх нь чухал. Үүний тулд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, хөдөлгөөнт холбооны сүлжээ, төлбөр тооцооны дэд бүтэц бий болгохоор ажиллаж байна. Засгийн газар, яам, агентлаг, аймаг, хот, сум, дүүргүүд бүгд тус тусдаа мэдээллийн цахим хуудастай байсныг www.zasag.mn-д нэгтгэсэн.
Иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах 11 11 төвийг байгуулсан нэг жилийн хугацаанд 68 мянган иргэн хандсан. “Шинэчилж шийдье-222” нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, тогтмолжууллаа. Аймгийн удирдлагуудтай, яам агентлагийнхантай сар бүр цахим хурал хийж байгаа нь зардал, цаг хугацаа хэмнэж байна. Элчин сайд нартай ийм цахим хурлыг хоёр удаа зохион байгуулсан.
Иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах 11 11 төвийг байгуулсан нэг жилийн хугацаанд 68 мянган иргэн хандсан.
Төрийн үйлчилгээний цахим машины үйлчилгээг өнгөрөгч зургадугаар сараас нэвтрүүлсэн. Энэ хугацаанд эдгээр машинаас 54 мянган иргэн үйлчилгээ авсан байна. Орон нутагт 25 ТҮЦ машин суурилуулаад байна. Үйлчилгээ нэвтрүүлсэн энэ хугацаанд тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарсан” гээд дата солилцооны төв, шуудан хүргэлт, цахим үнэмлэхний хэрэглээ, замын цагдаагийн бэлэн бус торгууль, сумын интернэт үйлчилгээний талаар танилцуулсан юм.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан, цөөнхийн бүлгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бүлгийн дүгнэлтийг танилцуулсан. Дүгнэлтэд Ерөнхий сайдын мэдээлэлд дурдсан ажлуудын ач холбогдлыг үгүйсгээгүй ч эдгээр нь угтаа төрийн байгууллагуудын өдөр тутам хийх ёстой хуулиар хүлээсэн үүрэгт ажил гэжээ. Ерөнхийдөө хэлбэрийн талаа голлоод агуулгаа орхигдуулсан гэж шүүмжилсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтаар хөндөгдсөн асуудлууд тунгалаг, ухаалаг төрийн талаар манай намын баримталж буй бодлогуудтай агаар нэг байгаа нь харагдаж байна.
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тавьж байгаа мэдээлэлд далайцтай том ажлуудын талаар огт дурдсангүй. Цаг алдалгүй том төрөөс ухаалаг төр лүү яаж орох вэ, Засгийн газраас УИХ-д ямар асуудлыг оруулж хэлэлцүүлэх вэ, Засгийн газар юуг нь өөрсдөө хийх боломжтой вэ гэдэг асуудлаар мэдээлсэн бол илүү ажил хэрэгч, үр дүнтэй болох байлаа” гээд улс орны эрх ашигтай холбоотой ерөнхий асуудлуудаа юуны өмнө ярьж, тэдгээр асуудлаар намын бүлгүүд зөвшилцөж ажиллахыг уриалсан юм.
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Ингээд цөөнхийн бүлгийн гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайд хариулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Төрийн ажлын хүнд суртлыг багасгах, цаг хэмнэх, засгийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход техникийн дэвшил чухал ач холбогдолтой. Цахимжуулж байгаа хэмжээгээр орон тоо, зардлыг яаж хэмнэж байгаа вэ. Ерөнхий сайдын мэдээлэлд таван сар цахимжуулсны үр дүнд нэг тэрбум төгрөг хэмнэлээ гэсэн. 2014 оны төсөв ярьж байхад ийм хэмнэлтийн талаар ер яриагүй. Ирэх онд таны багцад 100 тэрбум төгрөг суулгасан. Энэ мөнгийг яаж ашиглах вэ. Энэ онд төрд 3200 албан хаагч нэмэгдсэн. Тэгэхээр ер нь цахимжуулсны ач холбогдол гарч байгаа юм уу.
Н.Алтанхуяг: -Тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Чамлалттай зүйл ч бий. Таван сарын турш тэрбум төгрөг хэмнэсэн нь том үзүүлэлт. Замын уулзварыг шинэчлэснээс бий болсон хэмнэлт жолоочийн халаасанд үлдэж байгаа шиг ТҮЦ машинаар үйлчлүүлсэн 68 мянган иргэний цаг хэмнэгдсэн. ТҮЦ машин тавьснаар нэг хүн жилд цаг 27 минут хэмнэж байгаа. Цаашид яаж үр ашгаа дээшлүүлэх талаар ярьж байгаа.
2013 оны төсөвт суусан 50 тэрбум төгрөгийн тайланг УИХ-д тусгайлан танилцуулна. Засгийн газар орон тоо нэмсэн байвал УИХ эрх мэдлийнхээ хүрээнд хасаарай гэж сая төсөв ярих үеэр хэлсэн. Орон тоо нэмэгдэж байгаа нэг шалтгаан бол хуулиар бий болсон орон тоо. Орон тоог нэмэхгүй байх чиглэлээр Засгийн газар жилийн хугацаанд онцгой анхаарч байгаа. Харин шинээр сургууль, цэцэрлэг барихаар орон тоо нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй.
Ө.Энхтүвшин: -Төрийн албаны зардал өсөж байгаа, УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, парламент хяналтгүй болж байгаа, төрийн алба данхайж байгаа, төрийн мэргэшсэн албан хаагчдыг танил тал, нутаг нуга гэсэн байдлаар томилж байгаа, хувийн хэвшлийн ажил руу хутгалдан орж байгаа талаар Төрийн тэргүүн хөндсөн. Энэ чиглэлээр ажил хийх үү. Та төрийн албыг нэг ч хүнээр нэмэгдүүлээгүй гэлээ.
Сургууль, цэцэрлэг шинээр баригдахаар дагаад орон тоо нэмэгдэж байгааг ойлгож байна. Гэхдээ захиргааны албаны орон тоо нэмэгдэж, төрийн албан хаагчийн тоо 200 мянга гараад явчихлаа гэж Ерөнхийлөгч хэлсэн. Яагаад тоо зөрөөд байна вэ. Өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар хэчнээн хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар төрийн үүргийг гүйцэтгүүлсэн бэ. Цахимжуулах ажлыг дагаад яамд хэчнээн орон тоо хэмнэх тооцоо гарсан уу.
Н.Алтанхуяг: -Орон тоог засгаас нэмэгдүүлээгүй. Миний хэлснийг Ерөнхийлөгчтэй харгалдуулаад хэрэггүй. Төрийн тэргүүний зөвлөлдөх уулзалтын үеэр дэвшүүлэн тавьсан асуудлын хүрээнд хоёр ажил хийж байгаа. Бид баялаг бүтээгчидтэй уулзсан. Мөн Ерөнхийлөгчийн санааг дэмжиж, хийж буй ажлаа УИХ-аар хэлэлцүүлье гэж шийдсэн. Тиймээс ч одоо ажлаа танилцуулж байна. Төр бүх зүйлд оролцож байна гэсэн мессежийг нефтийн компанид ажиллаж байсан зарим нэг хүн тарааж байгаа юм билээ.
Шударга өрсөлдөөн явагдахгүй байгаа газар төр оролцохоос өөр аргагүй. Бид ажилласны хүчинд бензиний үнэ нэмэгдээгүй. Цөөхөн хүний эрх ашиг хөндөгдсөн асуудалд олон хүний эрх ашиг хөндөгдсөн мэтээр ярьж болохгүй. Мэргэшсэн албан хаагчдыг халсан юм байхгүй. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийг яагаад халж болохгүй гэж. Хууль зөрчсөн тохиолдолд халахгүй гээд яах вэ.
Ж.Энхбаяр: -Хөрөнгө оруулалт яагаад буурав, яагаад Монгол төгрөгийн ханш 30 хувиар унав, яагаад төсвийн зардал ДНБ-ий 47 хувь болчихов гэхчилэн маш олон асуудал Ерөнхий сайд ухаалаг бус алхам хийсэнтэй холбоотой. Жил хагасын дотор бүх үзүүлэлт уналаа. Та дэлхийн хэмжээнд том харж ярих хэрэгтэй. Тийм учраас Ерөнхийл өгч ухаалаг баймаар байна гэж хэлээд байна шүү дээ. Сая таны танилцуулдаг мэдээлэл бол арай ч дээ л байна.
Н.Алтанхуяг: -Өнөөдрийн мэдээлэл сэдвээсээ хальж болох юм уу. Тэгвэл хамаг дэлхийн юм хамж хариулъя. Иргэдэд хүрч байгаа үйлчилгээ яаж ухаажиж байгаа гэдэг асуудлыг л би ярилаа.
Ц.Нямдорж: -Цахим мэдээллийн талаар хийж байгаа ажил зөв зүйтэй. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн сэдвээр бид олонх, цөөнх гэлгүй тодорхой ажил хийх шаардлагатай. Төрийн албаны бүтэц орон тоог нэмэхгүй байх талаар цаашид хатуу дэг тогтоох хэрэгтэй байна. Цахим сүлжээний элдэв боломжийг ашигласнаар ямар ч тохиолдолд орон тоо, мөнгөний хэмнэлт гарах ёстой.
Энэ жил гэхэд 3000 орон тоо нэмэх шийдвэр гарсан. Хуультай учраас нэмсэн гээд тайлбар хэлэх юм. Хуультай юм бол тэрийг хасах боломж бий. Одоо УИХ Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталбал байнгын ажиллагаатай 24 боомтод орон тоо нэмэгдэхээр байгаа. Хамтарсан Засгийн газрын үед ингэж их хэмжээний орон тоо нэмэгдэх гээд байсан учраас би л хувьдаа энэ асуудалд хойргошоод байсан юм. Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн цахим сүлжээ хэдэн жилийн дараа улсын хэмжээний ажил болох вэ.
Н.Алтанхуяг: -Хөдөөд цагдаагийн бэлэн бус торгуулийн цахим сүлжээ нэвтрүүлэх ажил одоогоор тодорхойгүй байна. Орон тоо нэмэхгүй байх талд бид санал нэг байна. Хилийн боомтын хуулийг та бүхэн шийдээд өгвөл орон тоо нэмэх сонирхол надад ч алга.