УИХ-ын гишүүд цэцийг цэгцлэх хэрэгтэй гэлээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдаанаар энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Цэцийн дүгнэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд УИХ-ын Дэгийн хуулиар асуулт асуух хаалттай юм аж. Тиймээс гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
-Үндсэн хуулийн Цэц ард түмнийхээ төлөө явахаа больж. Цэц ард түмнийхээ сонгох эрхийг улстөрчидтэй хаасан.
Одоо олон түмний төлөөллөө шүүх бүрэлдэхүүнд оруулъя гэхээр ард түмний өмнө далайж байна. Яагаад шүүх бүрэлдэхүүнд олон түмний төлөөлөл орж болохгүй гэж.
Цэц ард түмнийхээ эсрэг босч байна. Бид иргэдийн төлөөллөө нядалж болохгүй. Төлөөлөл гэдгээс Цэц яагаад жийрхээд байна вэ?
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг гайхаж хүлээж авч байна. Шүүн таслах үйл ажиллагаа шүүхэд огт хамаагүй гэж ойлгож байгаа нь иргэдээсээ тасарсны шинж. Тухайн нийгмийн жирийн иргэн ойлгохуйц шийддэг тогтолцоо шүүхэд байх ёстой. Шүүх үйл ажиллагаанд иргэдээ оролцуулдаг үзэгдэл гадаадад байдаг.
Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хүлээн авах боломжгүй хэмээн дэмжсэнгүй. Чуулганы хуралдаан Хилийн боомтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэн хуралдаж байна.