Ж.Батзандан гишүүний асуулгын хариуг сонслоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-11-22/ үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Тэрээр “Хүн амын дунд хүнд металл, эмийн бодис, ахуйн химийн бодис, техникийн шингэн, хүчил шүлт, спиртийн бүтээгдэхүүний хордлогын цочмог болон архаг, амь насанд аюултай хэлбэрүүдийн эзлэх хувь ихэсч, хавсарсан хордлогын тохиолдлууд нэмэгдэж байгааг харгалзан Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хор судлал, хордлогын мэдээллийн хэлтсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтцэд байгуулсан.
Хор судлал, хордлогын мэдээллийн хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 10 хүн ажиллаж, хор судлалын лабораторийн хүчин чадлыг жил тутамд бэхжүүлж үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын багцаас 2011 онд 64.4 сая, 2012 онд 95.1 сая, 2013 онд 100.1 сая төгрөгөөр бэхжүүлсэн.
Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн, тус төвийн бүтцэд Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийг байгуулж, тус төвийн хор судлал, шим тэжээл, орчин зэрэг лабораториудыг нэгдсэн удирдлагаар хангаж багаж тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хүчин чадлаар нь ашиглан чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг үе шаттай авч байна” гэлээ.
Гишүүдийн зүгээс хордлогын 55 хувь нь эмийн, найм орчим хувь нь архины хордлого байгаа талаар ярьж байгаа. Энэ бол яах аргагүй Эрүүл мэндийн сайдын хариуцаж анхаарч ажиллах асуудал мөн.
Сайдын хариултаас харахад ерөнхийдөө ажил хийж, хөрөнгө мөнгө зарцуулсан, бүтэц зохион байгуулалт хийсэн талаар ярьж байгаа ч үр дүн ямар байгаа нь тодорхой бус байна гэсэн шүүмжийг хэлж байлаа.
Архины хордлого, эрүүлжүүлэх асуудлын талаар Эрүүл мэндийн болон Хууль зүйн яам дундаа нэгдсэн журам шийдвэр гаргах гэж байгаа.
Мөн сүүлийн жилүүдэд хордлогоор эмчлүүлэхээр ирж байгаа иргэдийн тоо, нас барагсдын тоо буурсан эсэх, мөн хордлогоос хамгаалах, архинд донтохоос сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар хөндсөн юм.
Эрүүл мэндийн сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “Хордлогын асуудал бол эрүүл мэндтэй холбоотой маш хүнд асуудал болчихоод байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш улс орны хэмжээнд яригдах асуудал. Өнөөдөр сайдын болон мэргэжлийн хүмүүсийн хариултаас харахад хордлогоос урьдчилан сэргийлэх, хордлогыг эмчлэх, хордлогыг илрүүлэх нэгдсэн тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаа юм байна гэдэг нь харагдаж байна.
Сайд өөрөө энэ талаар хэллээ. Архины хордлого, эрүүлжүүлэх асуудлын талаар Эрүүл мэндийн болон Хууль зүйн яам дундаа нэгдсэн журам шийдвэр гаргах гэж байгаа гэлээ. Үүнээс харахад нэгдсэн удирдлага, хяналт, тогтолцоо байхгүй болох нь харагдаж байна.
Иймд энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудлаар миний бие УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна, иймд эмийн, химийн бодисын, архины хордлогоос урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх болон бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр саналаа өгөхийг уриалж байна" гэлээ.