Улс оршин тогтнохын үндэс нь “Газар”
УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.11.20

Улс оршин тогтнохын үндэс нь “Газар”

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүд ирэх оны төсвөө батлах гэж багагүй хугацааг үдлээ. Харин одоо бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Таны хариуцаж буй байнгын хорооноос Газрын тухай багц хуулийн төслийг оруулж байгаа байх аа?

-Тийм ээ. Ажлын хэсэг намрын чуулганы хуралдааны явц болон зуны турш Газрын тухай багц хуулийн төсөл дээр ажилласан. Ажлын хэсгийн саналыг цэгцэлчихсэн. Газрын багц хуулиас Газрын тухай хууль буюу үндсэн гол хуулийг нь хэлэлцэж эхэлнэ.

Бэлчээрийн газрыг хувьчлах эсэх, газар тариалангийн .бүсэд байгаа нүүдлийн мал аж ахуйн асуудал, төрийн байгууллагуудын газрын харилцааны зөрчлийн асуудал зэрэг чухал асуудлуудын ойлголтыг нэг болгохоор чамгүй хугацаанд ажилласан. Мөн БОНХЯ-наас оруулсан Ногоон хөгжлийн бодлогыг УИХ-аар хэлэлцэж эхэлнэ.

-Багагүй хугацаанд хүлээлгэсэн энэ хууль хэр чамбай болсон бол?

-Асуудлыг зөвхөн цаг хугацаагаар шийдэж, үр дүнг нь харах боломжгүй. Юутай ч ажлын хэсэг нэлээд чамбай ажилласан. Асуудлуудаа ч өргөн цар хүрээтэй ярилцсан. Өөрөөр хэлбэл энэ хуулийн шүүсийг маш сайн шахсан гэж бодож байна. Газар бол улс оршин тогтнохын үндэс учраас гишүүд ч Газрын багц хуульд анхаарлаа их хандуулж байгаа.

Тодорхой хэмжээнд цаг алдсан учраас чуулганаар хэлэлцүүлэхийн тулд шахуу ажиллана даа. Төрийн ажлыг удаашруулаад байж болохгүй. Бэлчээр хувьчлах тухай асуудал нэлээд яригдана. Тэгэхээр нухацтай л хэлэлцэнэ шүү дээ. Үр дүн гарна.

-Таны хариуцаж буй БОХХАА-н байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгүүд хөдөө, орон нутагт ажилласан байх аа. Үр дүн хэр байна?

-Ажлын хэсгүүд маш идэвхтэй, төлөвлөсөн ажлуудаа сайн хийж, гүйцэтгэж ирсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн ажлын хэсэг баруун бүсэд ажилласан. Энэ хуулийг яарч биш, маш нухацтай хэлэлцэх ёстой.

-О.Баасанхүү Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхгүй байх ёстой гэдэг байр суурь илэрхийлэхдээ нэлээд ноцтой асуудлуудыг хөндөж байсан?

-О.Баасанхүү гишүүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, баруун бүсэд ажиллаад ирсэн. Хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ирээгүй. Дургүйд хүчгүй байсан уу, хэрэгжүүлэх бололцоогүй байсан уу хэрэгжилт их муу байсан. Байнгын хорооны хурал даалгавар өгсөн.

Засгийн газар Уул уурхайн компаниудад 600 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн асуудлыг ярьж байгаа юм. Нөхөн төлбөрийг яаж тогтоосон бэ гэдэг нь өөрөө ноцтой асуудал. Нөхөн төлбөр яг бодитой 600 гаруй тэрбум байх уу, үгүй юу. Үүнийг татварын байгууллагаар нь хөөгөөд явахад болно.

Үнэхээр тийм хөрөнгө оруулсан уу, машин техник тоног төхөөрөмж нь байдаг юм уу гэдгийг хянах ёстой. Татварт хэдийг төлсөн бэ гэдгээр нь нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож болно. Нэхсэний зоргоор нөхөн төлбөрийг тогтоож болохгүй. Булхай ч байж болно шүү дээ.

-Химийн хорт бодисын хадгалалт, тээвэрлэлт манай улсад аюултай төвшинд байгаа нь танай байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Энэ талаарх мэдээллийг хэзээ УИХ-аар ярих бол?

-Ажлын хэсгийн дүгнэлтийг ойрын үед гаргана. Монгол Улсад химийн хортой бодис, ашиглалт, тээвэрлэлтийн хууль байгаа боловч шаардлага хангахгүй байна. Уулын баяжуулах болон бусад том үйлдвэрүүд маш их хэмжээний химийн бодис хэрэглэдэг атлаа аюулгүй байдлаа хангаагүй Эрдэнэт үйлдвэрт гэхэд маш их хэмжээний химийн бодис байдаг. Зарим нь хугацаа нь дуусчихсан.

Яаж саармагжуулах вэ, хугацаа нь дуусчихсан байхад хадгалаад байх уу гэдэг асуудал байна. Мөн уул уурхайн компаниуд цианит натри хэрэглэдэг. Тэдний хадгалалт, хамгаалалт ямар байгааг хянах хяналт сул байгаа. Хамгаалалт нь цэрэгжсэн байх ёстой. Сөрөг талаас нь бодлоо гэхэд террорист үйл ажиллагаа явагдвал яах вэ.

Монгол Улсад химийн хортой бодис, ашиглалт, тээвэрлэлтийн хууль байгаа боловч шаардлага хангахгүй байна.

Олон мянган хүнийг устгах чадалтай хорт бодис хамгаалалтгүй шахам байгаа нь ноцтой асуудал болоод байна. Маш их хэмжээний хүнцэл хадгалалтын ямар ч горим хангаагүй, шаардлага хангахгүй нөхцөлд хадгалагдаж байна. Байгаа газрынх нь байршил, хэмжээг нь хэлээд яах вэ.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал үүсчихээд байгаа. Газрын гүнд булаад, бетондоод хаях уу, эсвэл саармагжуулаад, боловсруулаад хоргүйжүүлэх үү гэдгээ яаралтай ярилцах болжээ. Ноцтой асуудлууд байгаа учраас зохих байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч, Засгийн газарт ч үүрэг болгоно.

-Алтны ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Бас олны анхаарлыг ихээр татаж байгаа хууль биз?

-Нэлээд эсэргүүцэлтэй тулгарсны эцэст хэлэлцэж эхэллээ. Энэ нь маш зөв алхам гэж бодож байгаа. Хүмүүс янз бүрийн аргаар алттай болчихдог учраас Монголбанк гарал үүслийг нь их судалдаг гэнэ. Хоёр дугаарт, тэр алт нь өндөр татвартай болохоор бүгд гадаад руу гаргаж тушаадаг юм байна.

Тиймээс хуулиар зохицуулж Монголбанкаа мөнгөжүүлэх хэрэгтэй. 1800 тонн алт гэдэг чинь асар их мөнгө. Оюутолгойн алт гадагшаа бус Монголбанкинд таван хувиар биш 2.5 хувиар бууруулж Монголдоо үлдээх гээд байна. Оюутолгойн цаад компаниа 2.5-ын татвартай Монголд тушаах уу, эсвэл гадагшаа гаргах уу гэдэг нь ашгийн асуудал.

Хувьцаа эзэмшигчид нь мэдээж шахалт үзүүлж Монголбанкинд хадгалуулна. Энэ хуулийг дэмжихгүй байгаа хүмүүс байгааг дээр хэлсэн. Тэгвэл хуучнаараа л таван хувиар явцгаая. Оюутолгойн алт урагшаа даваад явна шүү дээ. Хэд дахин нугалах ашиг Монгол Улсад ирэх учраас би хувьдаа дэмжиж байгаа.