Ц.Даваасүрэн: Сонирхлын зөрчилтэй гишүүдийг чуулганы танхимаас гарахыг шаардана
УИХ дахь намын бүлгүүд энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа илэрхийлсэн. Энэ сэдвээр УИХ дахь бие даагчдын зөвлөлийнхөн ч байр сууриа илэрхийллээ.
Тэднийг төлөөлж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ойрын үед УИХ-аар хэлэлцэх зарим асуудлаар Бие даагчдын зөвлөлөөс байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн төслийн гол заалтуудыг бид дэмжиж байгаа. Ялангуяа өвлийн уралдааныг хязгаарлах, бага насны хүүхдийг өвлийн уралдаанд оролцуулахгүй байхыг бид дэмжинэ.
Гэхдээ хуулийн төсөл дээр “бүсийн уралдаан явуулахыг хязгаарлаж, улсын цолонд оруулахгүй байна’’ гэж заасныг дэмжихгүй. Учир нь, морин уралдаан бүс нутагт сайн хөгжиж байгаагийн шалтгаан нь улсын цол олгодог болсных. Үүнийг болиулж Улаанбаатар хотод уралдсан тохиолдолд цол олгоод байвал морин уралдааны хөгжилд сөргөөр нөлөөлнө” гэсэн юм.
Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг тэмдэглэх тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотойгоор Бурхан багшийн төрсөн өдрийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг бие даагчдын зөвлөлийнхөн хөндөх гэнэ. Учир нь, Христийн шашинтай улсууд Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэж байхад Буддын шашин шүтдэг монголчууд Бурхан багшийнхаа төрсөн өдрийг нийтээрээ тэмдэглэхэд болохгүй зүйлгүй гэв.
Мөн Компанийн тухай хууль хэлэлцэх үеэр хувьцааны луйврын шинжтэй асуудлыг бие даагчид хөндөхөөр зэхжээ. “Саяхан Дарханы гурилын үйлдвэрийн цөөн хувьцаа эзэмшигчид хуралдаад компанийнхаа хувьцааг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнд нь өөрсдөө ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, өмнө нь тус компанид 70 хувь эзэмшиж байсан хувьцаа эзэмшигч нараа шахаж гаргах болсон. Энэхүү луйврын шинжтэй асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа.
Цаашдаа иймэрхүү асуудал гаргахгүй байлгахын тулд Компанийн тухай хуульд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Төгсгөлд нь Газрын тосны тухай хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлье. Бид газрын тосны хуваарилалтын асуудал дээр бодолтой хандах хэрэгтэй. Байгалийн баялгаа өөрсдөдөө ашигтай байлгах тал дээр бид алдаатай ажиллаж байна. Жишээлбэл, Оюутолгой, Таван толгой дээр бид өөрсдөдөө ашиггүй, алдаатай гэрээ хийсэн. Тийм учраас Газрын тосны хууль дээр сайн бодож хийх ёстой.
Үүнтэй холбоотойгоор гаднаас янз бүрийн дарамт шахалт их ирдэг л дээ. Жишээлбэл, Тамсагт хөрөнгө оруулж байгаа гаднын компани ирэх онд хөрөнгө оруулалтаа багасгана ч гэдэг юм уу. Шантаажийн шинж чанартай алхмыг хийдэг. Бид үүний өмнө сөхөрч болохгүй’’ гэсэн юм. Дараа нь Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийн хариуллаа.
-Бие даагчид Газрын тосны тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Ц.Даваасүрэн:- Х.Болорчулуун гишүүний ахалж байгаа Ажлын хэсэг ажиллаж байна. Газрын тос олборлож байгаа Дорнод аймгийн иргэдээсээ саналыг нь аваад ирсэн. Өөрөөр хэлбэл, гол үзэл санаа нь боловсруулалтын шатандаа явж байгаа гэсэн үг. Ер нь, Газрын тосны салбарт өмнө гаргасан алдаануудаа засах чиглэлийн заалтууд орж байгаа.
Одоогийн байдлаар Монгол Улс олборлож байгаа газрын тосныхоо 24 хувийг л авч байгаа юм билээ. Үүнийг 50-иас доошгүй байлгах зарчмыг баримталж, хуулийн төслөө боловсруулсан. Цаашлаад орон нутагт тодорхой дэмжлэг үзүүлдэг, орон нутгийн иргэд газрын тосны баялгаасаа хүртдэг байх заалтыг оруулж байгаа.
-Газрын тосноос авдаг роялтиг нэмэгдүүлэх заалт орж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
С.Ганбаатар:- Энэ хуулийн төсөл дээр гурван зүйлийг баримталж байгаа. Нэгдүгээрт, төрийн зүгээс газрын тос олборлохтой холбоотойгоор хяналтаа байж болох дээд төвшинд нь нэмэгдүүлье. Өөрөөр хэлбэл, төр үүнийг хянана. Хоёрт, Татварын хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Роялтиг нэмэгдүүлнэ гэсэн үг. Гуравт, төрийн зохицуулалтыг нэмэх хэрэгтэй.
Гэхдээ энэ нь төр хувь эзэмшиж бизнес хийнэ гэсэн үг биш шүү. Жишээ нь, Норвегийн газрын тосны татвар 73 хувьтай байдаг. Төрийн хяналт, зохицуулалтыг л нэмэгдүүлэх явдал шүү дээ. Түүнчлэн газрын тостой холбоотой асуудал дээр тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хуульд тусгах ёстой. Газар тосыг нь олборлож дууссаны дараа иргэдийнх нь амьжиргааны баталгааг хангаж өгөх тал дээр бид ажиллаж байна.
-Хуулийн төсөл та бүхний бодож байгаачлан батлагдах болов уу. Учир нь, УИХ-д энэ салбарт сонирхлын зөрчилтэй гишүүд олон байдаг шүү дээ?
-Ц.Даваасүрэн саяхан Боловсролын тухай хууль хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг чуулганы танхимаас гаргасан шүү дээ. Түүнтэй адил ашигт малтмал, эрдэс баялгийн салбарын хууль хэлэлцэх үеэр уул уурхайн компанитай гишүүдийг УИХ-ын хуралдаанд оролцуулахгүй байх асуудлыг бие даагчдын зөвлөл тавих болно.