2013.11.29

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Өмнө нь энэхүү дүгнэлтийг холбогдох байнгын хороо нь хэлэлцээд “Хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж үзсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ- ын Дэгийн тухай хуулийн дагуу гишүүд асуулт асуух эрхгүй байдаг аж. Тиймээс энэ үеэр УИХ-ын гишүүд зөвхөн санал л хэлсэн юм. Энэхүү саналыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-“Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр үүнийгээ тээвэрлэж авах асуудал л үлдээд байгаа. Тиймээс энэхүү тээвэрлэлтийн асуудал он дамжиж магадгүй байдаг” гэдэг үг байдаг байхаа.

Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс сүүлийн үед гаргаж байгаа шийдвэр нь үнэхээр ойлгомжгүй байдалтай болчихлоо. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон. Энэ эрхээ биелүүлж чадахгүй байна.

“Эрх баригч намаас сонгогдсон гишүүн гурав, цөөнхөөс сонгогдсон нь нэг байнгын хороонд харъяалагдаж байна” гээд Үндсэн хуулийн Цэцэд хандахаар өөдөөс “Хохь чинь” гэсэн утгатай хариулт хэлж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг бус Үндсэн хуулийн Цэцийг цэгцлэх хэрэгтэй болжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

УИХ-ын гишүүн Д.Ганбат

-Бид ямар улс оронд амьдраад байна вэ. Өнөөдөр бид гурван засаглалтай гэдэг. Гэтэл шүүх нь шүүх шиг байж чадаж байна уу.

Шүүхийг шүүх шиг болгохын эсрэг байна гэсэн хардлага төрлөө. Үндсэн хуулийн Цэц итгэл төрүүлэхээр ажиллахгүй байна шүү. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд байнга хэл ам таталдаг хэмээсэн.

Гишүүдийг саналаа хэлж дууссаны дараа Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.