Суралцагчидтай сайд уулзав
Хөдөлмөрийн Яамны сайд Я.Санжмятав, ХЯ-ны МБСБХЗГ-ын дарга М.Жадамбаа нар Хүүхдийн төлөө Амьдрах ухаан төвийн харьяа “Амьдрах ухаан” Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн ажилтай танилцав.
Тус сургууль улс орны эдийн засаг хүнд байсан 1992 оноос эхлэн нийгмийн зорилтод бүлгийн хүүхэд залууст мэргэжил олгож ажилд зуучлан амьдрах ухааны чиг баримжаа олгож ирсэн юм. Сайд тус сургуульд сурдаг зорилтод бүлгийн болон бусад суралцагчидтай уулзан тэдний сурлагын байдал, ар гэр амьдралын талаар дотно яриа өрнүүлэв.
Суралцагчдын зүгээс сургуулийн орчин, багш нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун, өөрсдийн сонирхсон мэргэжлээр суралцаж байгаагаа өгүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн боловсролын өмнө тулгамдаж буй зарим асуудлын талаар илэн далангүй яриа өрнүүлж “Сайдыг асуудлын гүнд орж сурагч бидэнтэй уулзсанд талархаж байна” гэв.
Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бол аль ч сургуулиас илүү материал түүхий эд шаарддаг онцлогтой байдаг. Гэтэл ширхэг өндөг 410 төгрөг болчихоод байхад 1 сурагчид олгох 56 мянга 30 төгрөгийн хувьсах зардал чухам аманд ч үгүй хамарт ч үгүй сургалтын чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.
Соц системийн үеэс “ТМС” гэж нэрлэгдсэн нэрнээс салгаж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг “Коллеж” болговол нийгмийн сэтгэлгээ болон сургалтын цар хүрээнд ч өөрчлөлт орно хэмээн өгүүлж байв. Сайд яамны зүгээс явуулж буй бодлого цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж суралцагчдад хичээл зүтгэл гарган сайн суралцаж өндөр чадвартай мэргэжилтэй боловсон хүчин болохыг захин тус сургуулиас сурлагын чанар, багш - хөгжлийн чиглэлээр зохиож буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.