Налайхын уурхайн 34 амын цахилгааныг таслаад арав хонож байна
Налайх дүүргийн Иргэдийн хурлын дарга А.Ганболд
2013.12.11

Налайхын уурхайн 34 амын цахилгааныг таслаад арав хонож байна

НМХГ-аас Налайхын зарим уурхайн цахилгааныг таслаад 10 хонож байгаа гэнэ. Энэ талаар Налайх дүүргийн Иргэдийн хурлын дарга А.Ганболдоос тодрууллаа.

А.Ганболд: Уурхайн цахилгааныг тасалснаас болж гурван хүн амиа алдсан

-Уурхайн тогыг МХГ-ын шийдвэрээр тасалснаас болж хүмүүс нас барсан гэх юм?

-НМХГ-ын дэд дарга Баасандорж гэдэг хүний шийдвэрээр уурхайнуудын тог цахилгааныг тасалсан. Тог таслаад 10 гаруй хонож байна. Уурхай ажиллаж байхад тог таслах ёсгүй шүү дээ. Тэр Баасандорж  “Аюултай уурхайнуудаа дар. Тэгсний дараа тогыг  чинь өгнө” гэсэн юм билээ. Тэгээд уурхайчид санаачилга гаргаад тэр аюултай гэгдээд байгаа амуудыг дараад, “Одоо аюулгүй боллоо, тогоо өг” гэхээр одоо болтол өгөхгүй байгаа. Би Баасандорж гэдэг хүнтэй нь холбогдсон л доо. Тэгсэн “Одоохон наад асуудлыг чинь шийднэ, тогыг нь тасалсан нь үнэн” гэж хэлээд тав хонолоо.

-Хүн нас барсан гэсэн. Юунаас болж хүний амь эндэв?

-“Баялагийн хонхор” гэдэг уурхайд 31 настай залуу нас барсан. Мөн хавар Налайхын уурхайнуудыг хааж зогсоосон. Үүнээс болоод хаасан ам руу хоёр хүн орж амиа алдсан. Одоогоор Налайхын уурхайг зогсоож, тогыг нь тасалснаас болоод гурван хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртээд байна. Гэтэл НМХГ-ынхан огт тоохгүй. Би тэр Баасандоржоос “Чи эгэл жирийн уурхайчдын төлөө тогыг нь залгаад өгөөч” гэж гуйсан. Огт хөдөлж өгөхгүй юм.

-НМХГ-аас зөрчилтэй учраас хаасан биз дээ?

-Тийм л дээ. Гэхдээ тэр зөрчлийг нь арилгачихаад байхад тогыг нь залгаж өгөхгүй байна. Налайхад 35 мянган хүн амьдарч байна. Тэд уурхайгаар л амьдралаа залгуулж байна шүү дээ.

-Налайхад байгаа бүх уурхайн цахилгааныг тасалчихсан юмуу?

-Үгүй ээ. Налайхын 200 аманд 2000 орчим хүн ажиллаж байгаа. Түүнээс 34 амынх нь тогыг тасалсан. Тогоо таслуулсан хүмүүс сүүлийн тав хоног Налайх дүүргийн ЗДТГ-т ирж тог залгаж өгөөч гэж гуйж байна. Энэ хугацаанд тэд ямар ч орлогогүй, архи ууж, дэмий сэлгүүцэж, бухимдацгааж байна даа.