“Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-тэй боллоо
“Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв” байгуулжээ.
2013.12.17

“Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-тэй боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн дэргэд “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв” байгуулжээ.

Тус төвийн байрыг өчигдөр хүлээн авч, ашиглалтад орууллаа. “Өнөр бүл” төвд өсөж, хүмүүжиж буй 2-18 насны 175 хүүхдэд зориулсан тус төвд төрөл бүрийн хичээлийн хоцрогдол арилгах сургалт явуулахаас гадна гар урлалын, бүжгийн, дуу хөгжмийн зэрэг хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх дугуйлан хичээлл үүлэх аж. Тоног төхөөрөмжөө суурилуулан ашиглахад бэлэн болсон уг төвийн үйл ажиллагааг ирэх оны эхнээс явуулахаар төлөвлөжээ. Тус төвийг 1.6 тэрбум төгрөгөөр байгуулсан байна.

Манай улсад 1974 онд анх Хүүхэд асран хүмүүжүүлэх төв байгуулж, 39 жил үйл ажиллагаа явуулжээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас тус төвийн бүтэц зохион байгуулалт, дүрэм журам, нэрийг өөрчилж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв болгосон байна.

“Ингэж шинэчлэн зохион байгуулснаар энэ төвийн хүүхдүүд нэг гэр бүл болж, “Асрахынхан” гэсэн нэрнээсээ салсан томоохон үр дүнтэй ажил болсон. Тэгвэл өдгөө авьяас чадвараа хөгжүүлэх шинэ төвтэй боллоо. Ирэх жилээс төвийн харьяа цэцэрлэгийн барилгыг засаж, хүүхдийн “Хараацай” зусланг ажилуулахаар төлөвлөсөн” гэж ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ ярилаа.