Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр
2013.12.06

Хортой хүнд нөхцөлд 10 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Өнөөдөр манай улсад 100 орчим мянган хүүхэд ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм.

Хамгийн харамсалтай нь эдгэр хүүхдийн дийлэнх нь хүнд хортой нөхцөлд хөдөлмөрлөж байгаа төдийгүй жил ирэх тусам тоон үзүүлэлт нь өссөөр байгааг холбогдох газрын судалгаа баталж байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг дөрвөн жил тутамд нэг удаа судалдаг. Энэ судалгаагаар 2008 онд 70 гаруй мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдсон. Хамгийн сүүлийн судалгаагаар 20 мянгаар нэмэгдсэн байна. насандаа ахадсан хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх олонх нь амь нас эрүүл мэнддээ халтай тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа нь анхаарал татаж байна.

Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн  10368 хүүхэд нь хүнд хортой хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбар, уул уурхайд ажиллаж байна хэмээн Хүүхэд залуучуудын хөгжил, хамгаалал ТББ-ын хөтөлбөрийн зохицуулагч Ж.Азжаргал хэллээ.

өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүсээгүй атлаа хүнд хөдөлмөр эрхэлсэн 100 орчим хүүхэд хохирчээ.

2011 онд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөрийг баталсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжилт нь хангалтгүй явж ирсэн, тэвчишгүй хөдөлмөр эрхэлснээс үүдэн эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь тодорхойгүй энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдээгүй байна гэдгийг төрийн бус байгууллагынхан хэлж байна. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүсээгүй атлаа хүнд хөдөлмөр эрхэлсэн 100 орчим хүүхэд хохирчээ.

Хүүхдийн хөдөлмөрийн асуудал ганцхан тухайн гэр бүл, хүүхдийн байгууллагын ажил биш салбар дундын ажил учир өөрсдөө хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, ялангуяа хүүхдээ хүнд хөдөлмөр эрхлүүлж байгаа хүмүүст хариуцлага тооцохыг сайжруулах хэрэгтэй хэмээн Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр хэллээ.

Монгол хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим ТББ байдаг. Мөн манай улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах зорилт тавьж олон улсын байгууллагын өмнө амлалт өгсөн зэрэг нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хангалттай шалтгаан. Тиймээс ирээдүйн иргэдээ хамгаалах нь томчууд бидний үүрэг гэдгийг эргэн санаж дор бүрнээ хүчин чармайлт гаргах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.