И.Нарантуяа: Бүх салбарт хүүхдийн эрхийн асуудал хамаатай
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.11.21

И.Нарантуяа: Бүх салбарт хүүхдийн эрхийн асуудал хамаатай

Дэлхийн хүүхдийн эрхийн тухай цогц хууль бүхий баримт бичиг болох  “Хүүхдийн эрхийн конвенци” батлагдсаны 24 жилийн ой тохиож байна.

“Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг  НҮБ-ын Ерөнхий ассамблей 1989 оны энэ өдөр баталснаас  хойш нийт 193 орон нэгдэн оржээ. Энэхүү өдрийг угтан байгуулагдаад удаагүй байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр хоёрдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааны үеэр Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяатай ярилцлаа.

-Өнөөдрийн хуралдаанаар ямар ямар асуудлыг хэлэлцэв?

-“Хүүхдийн эрхийн конвенц”-ийн батлагдсан өдрөөр  Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаа  зохион байгууллаа.  Хүүхдийн эрхийн асуудал болон хүүхдийн хөгжлийн асуудалд  ямар хэрэгцээ шаардлага хэрэгцээ байгаа тухай ярилаа.

Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдлыг юутай холбох талаар түлхүү анхаарсны үндсэн дээр ерөөсөө л нийгмийн амьдрал, нийгмийн зөрчилдөөнтэй байдлаас үүдэн хүүхдүүдэд илүү их хүндрэл учируулж байгаа талаар саналууд яригдаж байсан.  Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл ирэх 2014 онд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах, салбар дундын хамтын ажиллагааг яаж хангах, хүүхдийн асуудлыг хэрхэн цалгардуулахгүй  авч явах талаар мөн ярилцсан.

Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдлыг юутай холбох талаар түлхүү анхаарсны үндсэн дээр ерөөсөө л нийгмийн амьдрал, нийгмийн зөрчилдөөнтэй байдлаас үүдэн хүүхдүүдэд илүү их хүндрэл учируулж байгаа талаар саналууд яригдаж байсан

УУЯ, БХБЯ, БШУЯ, ЭМЯ гээд бүх чиглэлийн яаманд хүүхдийн эрхийн асуудал хамаатай болж ирдэг. Тиймээс эдгээр байгууллагууд цаашдаа ямар чиг үүрэгтэй ажиллах вэ гэдгийг өнөөдрийн хурлаар тодорхойлж чадсан болов уу гэж ойлгож байна.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр зүгээр  ч нэг хуралдаагүй.  Засгийн газрын зүгээс хүүхдийн хүмүүжил, хөгжлийн асуудалд ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодорхой гаргаж тавьсан.  ХАХНХЯ-наас гаргасан тайланд  хүүхдийн эрхийн асуудлуудыг  тусгаж өгсөн байгаа.

-Ямар асуудал тулгарч  байна гэж тодорхойлсон бэ?

-Тайлангаас үзэхэд хүүхдийн эрх зөрчигдөж байна, хүүхдийн хөгжлийн бодлого явуулдаг байгууллага, газрууд цөөн байна зэрэг асуудал тусгагдсан. Өнөөдрийн хуралдаанд оролцсон хүүхдийн төлөөлөл өөрсдийнхөө санал бодлоо хуваалцлаа. Гэмт хэргийн нөхцөл хүндэрсэн байна, хүүхдийн хүчирхийллийн асуудал аль ч түвшинд байж л байна. Энэ асуудал дээр төр засаг маань яаж анхаарах, төрийн байгууллагууд яаж ажиллах вэ гэдгийн үр дүнг ирэх жилийн энэ өдөр бид юу хийсэн байх юм вэ гээд гэдгийг дүгнэх хэмжээний үүргийн хурал болсон гэж бодож байна.

-Тэгэхээр яаж ажиллах вэ гэдгийг жилийн дараа тодорхойлж байна гэж ойлгож болох уу. Тэгэхээр бүтэн жил юу хийсэн байж болох  уу?

-Бүтэн жил бид нөлөөллийн ажлаа хийсэн. Өнөөдөр бид бүх бүлгүүдийг хамруулсан чуулганыг зохион байгууллаа. Энэ чуулганд бүх аймаг, дүүргүүдээс төлөөлөл оролцлоо. Өнөөдрийн чуулганаар гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцээд цаашдаа яаж ажиллах уу гэдгээ багцалж үйл ажиллагааны төлөвлөөгөөгөө гаргана.  

-Монгол Улс “Хүүхдийн эрхийн конвенц”-д нэгдэн орсон  тав дахь орон. “Хүүхдийн эрхийн конвенц” өнөөдөр манай оронд хэрхэн хэрэгжиж байна  вэ?

-Уг конвенцид нэгдэн орсон тав дахь орон гэдгээрээ Монгол Улс НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн өмнө олон үүрэг хариуцлага хүлээж байдаг. Өнгөрөгч сард  “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн  нэмэлт  гуравдугаар протоколыг баталсан. Манай улс уг нэмэлт протоколд 41 дэх орон болж нэгдэн орсоныг дурдах хэрэгтэй байх. Энэхүү  нэмэлт протоколоор “Хүүхдийн эрхийн конвенц”-ийг зөрчиж байгаа орнуудад хүлээлгэх хариуцлагын системийг баталсан. Тийм учраас “Хүүхдийн эрхийн конвенц”-ийгн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд  конвенцийн хэрэгжилт манай оронд ямар байгаа талаар тайланг  гаргасан юм.

Манай улс конвенцийн өмнө хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж байгаа. Мөн манай улсад хүүхдийн эрхийн зөрчил их гарч байна шүү гэсэн сануулгыг өгсөн. Тиймээс хөндөгдөж байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байгаа.

-Тэгвэл манай улс дахь “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн хэрэгжилт олон улсын хэмжээнд ямар түвшинд явж байгаа юм бол?

-Манай улсын хувьд дүгнэлтийг тайлангаараа илэрхийлдэг. Манай улс хүн ам багатай. Тэр хүрээндээ бол дэлхийн хэмжээнд бусад оронтой харьцуулахад “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн хэрэгжилт дунд зэргийн түвшинд явж байна гэсэн дүгнэлт  авсан. 

-“Хүүхдийн эрхийн конвенц”-ийн  өдөр  эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн тухай зайлшгүй  ярих хэрэгтэй байх...

Нийт хүүхийн 95 хувь нь ерөнхий боловсролын янз бүрийн сургалтанд хамрагдаж, боловсрол эзэмшиж байна гэсэн судалгаа бий.

-Хүүхдийн төлөө Үндэсний газрын хувьд хүүхдийн эрхийн асуудал руу илүү чиглүүлж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Энэ хүрээнд ч гэсэн цаашдын зорилтот ажиллагаагааг явуулах болно. Өнөөдөр ялангуяа унаач хүүхдийн эрхийн асуудал их хөндөгддөг.

Тиймээс энэ жил манай байгууллагын зүгээс унаач хүүхдийн асуудалд илүү их анхаарч ажилласны эцэст унаач хүүхдүүдэд зориулалтын хамгаалалтын хувцас өмсгөх, даатгалд хамруулах эргээгээд ямар нэгэн нөхцөл байдал үүслээ гэхэд ямар арга хэмжээ авах зэрэг ажлуудыг хийсэн.  Цаашдаа ч  энэ асуудлыг өөр түвшинд авч үзэж хууль эрх зүйн орчинг нь илүү сайжруулах, арга зүйн асуудлыг шийдэж ажилллахыг зорьж ажиллаж байна.

-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 2.6-д “Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй” гэж заасан байдаг. Тэгвэл сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд манай оронд хэр олон байдаг вэ?

-Манай улсын хүүхдүүдийн  ерөнхий боловсрол эзэмшсэн байдал, сургуульд хамрагдаж байгаа тоо  нь харьцангуй өндөр байдаг. Нийт хүүхийн 95 хувь нь ерөнхий боловсролын янз бүрийн сургалтанд  хамрагдаж, боловсрол эзэмшиж байна гэсэн судалгаа бий.

Дээрээс нь боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийг сургуульд яаж хамруулах вэ гэдэг нь  бидний санаа зовох асуудлын нэг мөн. Манай оронд албан бус боловсролоор хүүхдийг хүмүүжүүлж, сургалт явуулах замаар эдгээр зорилтот бүлгүүд рүү чиглэж үйл ажиллагаагаа явуулдаг төвүүд бий. Эдгээр төвүүдээр дамжуулан  сургуульд хамрагдаагүй хүүхдүүдэд эхний ээлжинд сургалт явуулах хэрэгтэй. Үүнд БШУЯ  болон Хүүхдийн төлөө Үндэсний газрын оролцоо чухал.

-Сургуулийн орчин хүүхэд бүр сурч хөгжихөд таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй хамгийн гол нь хүчирхийлэлгүй байх ёстой байдаг. Манай орны хувьд боловсролын аль ч түвшинд сургуулийн орчны хүчирхийлэл байсаар байна. Энэ талаар ярихгүй юу?

-Манай байгууллагаас боловсролын салбарт хоёр гурван жилийн харьцуулсан судалгаа хийдэг. Сургуулийн хүчирхийллийн хэмжээ багасаагүй байгаа гэдгийг  судалгаагаар гаргасан.

-Нэгэнт таньтай уулзсаных, танай байгууллагын харьяа Хүүхдийн асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төв төвийн хуучин удирдлагатай холбоотой газар хувьдаа завшсан, байр орон сууц гээд эд хөрөнгийн асуудлууд шалгагдаж байгаа юм билээ. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ хууль хяналтын байгуулагад шалгуулах уу эсвэл байгууллага дотроо шийдээд явах уу?

-Ямар нэгэн ажлын алдаа оноогоос болж удирдлага солигдсон зүйл байхгүй. Хуучин удирдлага маань 76 нас хүрсэн өндөр настай хүн байсан. Тэгээд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Ж.Дүгэр гуайтай холбоотой зарчмын асуудлыг манай байгууллагад тавиагүй. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа эсэхийг би хараахан мэдээгүй байна. Тийм учраас энэ талаар мэдээл өгөх боломжгүй.  Шалгах ёстой газар нь шалгаж байгаа байх. Манай байгууллагын хувьд гомдол мэдүүлэх талаар яригдаагүй. Одоохондоо ямар нэгэн эд хөрөнгийн маргаан үүсээгүй байна.