Хэнтий аймаг ирэх онд 56,6 тэрбум төгрөгийн орлого зарлагатай ажиллана
Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Хэнтий аймгийн ИТХ-ын 7-р хуралдаанаар Хэнтий аймгийн 2014 оны төсвийг хэлэлцэж аймгийн 2014 оны төсвийн орлогыг 56 тэрбум 607 сая төгрөгөөр, зарлагыг мөн 56 тэрбум 607 сая төгрөгөөр баталлаа.
Аймгийн төсвийн татварын орлогыг 6,1 тэрбум төгрөгөөр, татварын бус орлогыг 538 сая төгрөг, хөрөнгийн орлого 180 сая төгрөг, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг 9 тэрбум 675 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас авах орлогын шилжүүлгийг 11,2 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлэг буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллагуудад улсын төсвөөс олгох санхүүжилтыг 28,8 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын өөрийн орлогыг 95,2 сая төгрөгөөр тус тус баталсан байна.
Ирэх онд орон нутгийн төсөвт байгууллагуудын урсгал зардалд 2,2 тэрбум, ойн ангиудад 194 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгт 4,9 тэрбум, орон нутгийн нөөц санд 529,3 сая, замын санд 214,8 сая, байгаль хамгаалах санд 345,6 сая, халамжийн санд 6,7 тэрбум, жолоочийн хариуцлагын даатгалын санд 23,9 сая, мал эмнэлгийн үйлчилгээний зардалд 350 сая, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтанд 782,4 сая, баталсан байна. Орон нутгийн нөөцөд 529,3 сая, замын санд 214,8 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагуудын урсгал зардалд 28,8 тэрбум төгрөг тус тус батлав.
Замын сангийн 214,8 сая төгрөгийн 194,8 сая төгрөгөөр зам засч, 20 сая төгрөгөөр Батширээт сумын Бархын гүүрийг засахаар тусгасан байна.
Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаар аймаг сумдын ЗДТГ-ын автомашины парк шинэчлэлд зориулж 11 автомашин худалдан авахад 415 сая төгрөг, цэргийн ангийн байр худалдан авахад 287,3 сая төгрөг, бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 80 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 6,8 тэрбум төгрөгөөр батлав.
Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийн санд баталсан 11,3 тэрбум төгрөгийн 4,5 тэрбум төгрөгөөр аймгийн төв- Чингис хотын бүтээн байгуулалтад голлон зарцуулна. Үүнд, гудамжны гэрэлтүүлэг нэмэхэд 100 сая, өрхийн 3 эмнэлэгт унаатай болоход нь 30 сая, явган хүний зам барихад 150 сая, “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд 80 сая, хүүхдийн парк байгуулахад 146 сая, зураг төсвийн ажилд 300 сая, хог ачих болон зам цэвэрлэх машин нэмж худалдаж авахад 90 сая, “Эрүүл чийрэг Хэнтийчүүд” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 20 сая, “Эрдэм боловсролтой Хэнтийчүүд” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 40 сая, хоёр км хатуу хучилттай зам барихад 1 тэрбум, баяр наадамд 100 сая, гудамж талбайг камержуулах ажлыг үргэлжлүүлэхэд 200 сая, хүүхэд залуусын “Олимп цогцолбор” байгуулахад 800 сая, “Чингис хааны өлгий нутаг” хүндэтгэлийн хаалганы орчныг тохижуулахад 20 сая, орон сууцнуудын дээврийг засварлахад 100 сая, “Цахим Хэнтий” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 200 сая, Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын гэр музей байгуулахад 70 сая, гамшгаас хамгаалах машин техник тоног төхөөрөмж авахад 150 сая, өвс тэжээлийн фонд байгуулахад 20 сая, гэр хорооллыг инженерийн шугамд холбоход нийт 240 сая, иргэний танхимд ЛЕД дэлгэц авч суурилуулахад 50 сая, Хэрлэн сумын 3-р багийн хөгжлийн төвийн барилга шинээр барихад 100 сая, сайжруулсан шороон зам барихад 100 сая, “Есүхэй” хаус хорооллын орчныг тохижуулахад 100 сая, усан бассейны засварт 100 сая, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний автограж барихад 70 сая, Бэрх хотод ццэцэрлэгт хүрээлэн байгуулахад 55 сая, Бор-Өндөр сумын цэвэрлэх байгууламжийн засварт 15 сая гэх мэтээр багийн иргэдийн нийтийн хурлуудаар эрэмбэлсний дагуу хөрөнгийг хуваарилсан байна.
Замын сангийн 214,8 сая төгрөгийн 194,8 сая төгрөгөөр зам засч, 20 сая төгрөгөөр Батширээт сумын Бархын гүүрийг засахаар тусгасан байна.
Аймгийн ИТХ-ын 7-р хуралдаанаар төлөөлөгч Д.Намсрай өөрийн хүсэлтээр төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, Б.Должин, О.Цацралттөр нар төрийн албанд ажиллах болсонтой холбогдуулж тэдний оронд төлөөлөгч нөхөн сонгох асуудлыг авч хэлэлцээд МАН-ын гишүүн Ч.Мөнх-Эрдэнэ, Д.Жамбаа нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Харин Г.Хэрлэнчулууныг баталсангүй. Эд бүгд намын жагсаалтаар орж ирж байгаа учир нэгий нь ийнхүү хасчихсанд цөөнхийн бүлгийнхэн нэлээд бухимдсан. Төрийн албанд ажиллаж байгаа М.Болдынхоо асуудлыг шийдээгүй өдий хүрчихээд байж хэтэрхий улстөржиж олонхийн дарангуйллаар асуудалд хандаж байна гэсэн шүүмжлэл ч шидэж байлаа.
Энэ удаагийн хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлийн биелэлт, ирэх оны үндсэн чиглэлийн талаар хэлэлцээд баталлаа. Ирэх онд аймгийн эдийн засаг нийгмийг 10 бүлэг, 130 зорилтоор хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав. Мөн аймгийн 2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлав. Энэ удаагийн хуралдааны төгсгөлд хурлын дэргэд залуучуудын лобби бүлэг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ.
Төсөв хэлэлцсэн энэ удаагийн хуралдаан дээр Галшар сумын ЗДТГ түүхэндээ өөрийн гэсэн байргүй явж байгаа болон Батноров сумын ЗДТГ сумын соёлын төвийнхөө халаасны өрөөнд толгой хоргоддог зовлонгоо ярьж байлаа. Мөн Дархан, Цэнхэрмандал сумын ЗДТГ-ын байрны суурийг тавиад орхичихсон бол мөн энэ хоёр суманд сургуулийн дотуур байр байхгүй ижил зовлон бий, Өлзийт тосгоны сургуулийн барилга засвар хийгдээгүй 30 жил болж байгаа, аймгийн төвийн төвлөрсөн хогийн цэгийг ландфилийн аргаар дарж булах ажил чанаргүй болсныг хуралдаанд урилгаар оролцсон иргэн баримттай шүүмжилж ярилаа.