Хариуцлагатай сайд
Засгийн газар иргэдийнхээ цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй нь уяж нэмж чадах уу гэх асуулгад УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох гээд барсангүй.
Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн тайлбараар бол цалин, тэтгэврийн асуудлаар Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан нар хариулт өгөх ёстой.
Асуулга тавьсан С.Ганбаатар гишүүн “Сар шинийн өмнө цалин, тэтгэврийн нэмэгдлийг хугацаа зааж ярихад бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж буйг ойлгож байна. Тийм учраас нэмэгдэл инфляцийн төвшинтэйгээ дүйж очих уу” гэдэгт ядаж мэдээлэл авчихмаар байна” гэсэн ч сайд хариулт өгөхөөс татгалзсан юм. Ядахад, Сангийн сайд Ч.Улаан тус хуралдаанд байгаагүйд МАН-ын бүлгийн гишүүд цухалдаж “Нууцын зэрэглэлд цалин хамаардаг болоо юу” гэх үг ч дайхаа мартсангүй.
Харин энэ үед нэр заагдаагүй боловч Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав зарим нэг тайлбарыг хэлж, Засгийн газрыг аврав. Сайд Я.Санжмятавын тодотгосноор Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоодтой хамтран хөдөлмөр гурван талт хэлэлцээрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 15-нд эхлүүлжээ. Хэлэлцээр сар гаруйн хугацаанд үргэлжилж зөвшилцөлд хүрсэн байна.
Ингэснээр 2014 оны төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд зориулж 200 тэрбум төгрөг тусгаад байсныг 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрт хүрчээ. Инфляци 2013 онд 12.5 хувьтай гарсан бол эдийн засгийн өсөлт 12 хувьтай гарсан аж. Эл тайлбарт асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар талархаж “Ажилдаа хариуцлагатай хандаж мэдээлэл өгсөн сайд Я.Санжмятавт баярлалаа” гэсэн юм.