Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зарим хорооны барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангана
Сэргээгдэх эрчим хүч
2014.02.17

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зарим хорооны барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулах тухай” А/81 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа. Жагсаалтаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 11 хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.

 Харин батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгажээ.

Мөн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.