СХД-ээс сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллаж байна
Сонгинохайрхан дүүрэгт шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар 1, 2, 20-р хорооны иргэдтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтаар хороо дүүргийн иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцэж, ард иргэдийн санал бодлыг сонссон байна.
МАН, АН,МАХН-ын гишүүд нам харгалзахгүй нэгдэж Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй хэсэгчлэн уулзалт зохион байгуулж байна. Энэхүү уулзалтын хүрээнд эхний ээлжинд төрсөн ээжүүд, тэтгэвэр тэтгэмжийн иргэдийн анхааралдаа авах шаардлагатай, цаашлаад цэцэрлэг сургууль барих, ундны ус болоод цэвэр аюулгүй орчинд амьдрах эрх аль хэдийн тулгамдсан асуудал болоод байгааг уулзалтад оролцсон иргэд онцоллоо.
Түүнээс гадна эмх замбараагүй хог, бохироо асгаж байгаа албан байгууллага, хувь хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцдог болох хэрэгтэйг санууллаа.
Дээрх хороодод хот төлөвлөлт явагдаж иргэд дэмжсэн хэдий ч “Хас Хаш” компани иргэдийг өнөө маргаашгүй газар талбайгаа чөлөөлж өгөхийг шаардаад байгаа гэнэ. Энэ асуудалд иргэд бухимдалтай байгаа учраас “Хас Хаш” компанийг сольж өгөхийг шаардлаа.
Дүүргээс сонгогдсон гишүүд хороогоор нь хэсэгчлэн уулзаж иргэдийгээ бүрэн хамруулах тал дээр анхаарч байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Мөн иргэдийн тавьж байгаа шаардлага асуудлыг шийдэж төр засагт уламжлахаа мэдэгдлээ.