Улс төрийн савлагааг эдийн засгаас ангид байлгах нь чухал.
2014.03.27

Улс төрийн савлагааг эдийн засгаас ангид байлгах нь чухал

 “Монголдоо бүтээцгээе” уриатай форум нэлээд маргаан мэтгэлцээний дунд болж өнгөрсөн. Монгол улсад төлөвлөлтийн чиглэлээр гаргасан хөгжлийн 590 гаруй бичиг баримт байдаг.

Үүнээс хэрэгждэг нь цөөхөн. Өөрөөр хэлбэл нэг улс төрийн хүчин гарч ирэхээрээ шинэ бодлого, хөтөлбөр боловсруулснаар хөгжлийн бодлого үндсэндээ 4 жилийн настай болчихоод байгааг оролцогсод тэмдэглэж байлаа. Энэ асуудал хамгийн их анхаарал татсан асуудал байлаа. Иймд үүнийг хэзээ, хэрхэн больж хөгжлийн залгамж чанартай, урт хугацааны хөгжлийн бодлоготой болох талаарх асуудал голлон тавигдсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр төмөр замын бодлого, томоохон төслүүд яагаад урагшлахгүй байгааг УИХ дахь намын бүлгийн дарга нараас асууж байлаа.

Үндсэндээ Монголын төр  эдийн засгийн үр ашгаа харах уу, эсвэл геополитик талаа харах уу гэдэг дээр гацсаныг  талууд хэлж байлаа. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд тэнцвэртэй байх чиглэлийг барьж байгааг хэлж байсан бол, МАН-ын бүлгийн даргын хувьд төслүүдийг эхлүүлсэн ч эхлүүлж чадаагүй гэж шүүмжлэлтэй хандаж байлаа. Харин бизнес, эдийн засагт төр хэтэрхий оролцож байгаа тухай шүүмжлэл энэ чуулганд ихээр гарлаа. Энд байгаа эдийн засагчдын хувьд төрийн хэт оролцоо нь социализмын үеийг санагдуулж байгааг сануулж байв.  

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:  “ Төр цахилгаан станц, төмөр зам барьж байна.  Хувийн хэвшлийнхэн буюу Д.Эрдэнэбатын хэлснээр “Энержи ресурс компани 500 сая доллар засгийн газрын баталгаагүй босгоод өөрийн хөрөнгөөр барих гэж байхад төр зогсоогоод наана чинь төв барина гээд булаагаад авсан.

Төр даатгалын компани, арилжааны банк байгуулж байна. Ийм байдлаар эрх баригч намын үзэл баримтлал бидний яриад байгаа бодлого амьдралд хэрэгжихдээ өөрчлөгдөөд байгаад асуудал байна   Мөн гишүүн  хэлэхдээ бид хуульчлан баталсан зорилгоо аль ч улс төрийн хүчин, засгийн газар гарч ирсэн хэрэгжүүлдэг болчихвол өнөөдрийн төрийн бодлогын залгамж чанар тогтворгүй, хэрэгжихгүй байгаа гэсэн асуудал шийдэгдэх юм.”

Оролцогсдын уур амьсгалаас харахад улс төрчид өөрсдийн гаргасан буруу шийдвэрийнхээ төлөө буруу төлөвлөлт хийснийхээ золиосонд хувийн хэвшлийнхэн буюу татвар төлөгчдөөс татвар авах замаар нөхөж байна гэж шүүмжилж байлаа. Мөн улс төрийн савлагааг эдийн засгаас ангид байлгах нь чухал болохыг хэлсэн.

Үүнтэй холбоотой томоохон асуудал нь авилгын асуудал болж байна. Өнөөдөр бизнесменүүдийн анхааралд байж, намын бүлгийн дарга нараас авилга, хандивын ялгааг хүртэл асууж тодруулж байсан нь бүхнийг илтгэж байгаа юм. Эндээс ажиглахад иймэрхүү нээлттэй ярилцлага хийх нь чухал санагдаж байлаа

Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба: “Монгол улсад зөвхөн өргөн царигийн төмөр зам байна. Эрдэнэбат гишүүн геополитикийн асуудлыг ярьж байна, байх ёстой. Гэтэл энэ чинь геополитикийн эсрэг байгаа байхгүй юу.

Монгол улс хоёр хөрштэй байж нэг улсын төмөр замыг нь тавьж,  нөгөө төмөр замыг нь хориглодог юм бэ. Энэ чинь Монголын геополитикт асар их хохирол учруулж байна. Ялангуяа өнөөдөр манай гол бүтээгдэхүүн нүүрс худалдаж авч байгаа оронтойгоо бид өргөн төмөр замтайгаа харьцана гээд Оросын төмөр зам тавьчихна гэдэг бол дампуу бодлогын шинж шүү. Иймд энэ бодлогоо хэзээ өөрчлөх, нарийн төмөр зам руу хэзээ орох юм бэ?гэдгийг асуумаар байна.”