Шинжлэх ухааны салбарт шинэчлэл авчирна гэв
Шинжлэх ухааны салбарт шинэчлэл авчирна гэв
2014.05.19

Шинжлэх ухааны салбарт шинэчлэл авчирна гэв

 Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцжээ. Үүний нэг нь Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байна.

Энэ төслийг удахгүй УИХ-д өргөн барих аж. Төслийн шинэчилсэн найруулга нь есөн зүйл, 61 хэсэг, 22 заалттай байхаар боловсруулжээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр орууллаа.

Шинжлэх ухаан технологийн кластер, парк, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчныг өнөөгийн шаардлагыг хангах, салбарын хэтийн төлөв, олон улсын чиг хандлагад нийцсэн байгаа. Мөн эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, гадаадад ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг өөрийн орны судалгаанд оролцуулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгох зэрэг олон шинэчлэлийг төрөөс баримтлах бодлогын төсөлд тусгасан” гэсэн юм.