Тус үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгжүүд сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав
2014.05.26

“ICT экспо 2014” үзэсгэлэн найм дах жилдээ зохион байгуулагдлаа

Мэдээлэл харилцаа холбооны цаашдын хөгжлийн өнөөгийн байдлыг харуулж, ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилготой “ICT экспо” үзэсгэлэн найм дах жилдээ зохион байгуулагдаж байна. Дэвшилтэт технологи, ухаалаг хэрэглээ уриатай тус үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгжүүд сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.

Түүнээс гадна төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгохын тулд ямар ажлыг хийж байгаа талаар танилцуулсан ажээ.

Энэ үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцав. Тэрээр хэлэхдээ:

“Хөгжлийг зүгээр нэг цаасан дээр буулгахаас илүү амьдрал дээр хэрэгжсэн, мэдрэгдсэн, туршигдсан, хүмүүс үнэлсэн байх ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал мэдээллийн харилцаа холбооны хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Силикон хаус, үндэсний хиймэл дагуул зэрэг ажлынхаа бичиг цаасны ажлыг дуусгачихсан явж байгаа. Тодорхой үр дүн гарч байгааг хэлэх хэрэгтэй”.