Ц.Жадамбаа: Жил ирэх бүр “ICT EXPO” үзэсгэлэн маань өргөжиж байна
-Монгол Улс 2016 онд өөрийн хиймэл дагуултай болно-
Мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPO-2014” үзэсгэлэн “Дэвшилтэд технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор өнгөрсөн баасан гарагт “Мишээл экспо”-д нээлтээ хийсэн. Өнөөдрийг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд мэдээлэл, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн 13, хувийн хэвшлийн 57 байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна.
Эдүгээ найм дахь жилдээ зохиогдож байгаа “ICT EXPO-2014” жил ирэх бүр цар хүрээгээ тэлж, оролцогч байгууллагуудын идэвх нэмэгдсэн талаар албаныхан хэлж байсан юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн нарын албаны хүмүүс оролцов. Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулж мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нөгөөтэйгүүр тэдний уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.
Энэ жилийн хувьд Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд оролцож буй дээрх байгууллага цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, төрөөс иргэдэд хүргэж буй бүх төрлийн үйлчилгээ болон салбарын стратегийн долоон зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа танилцуулж байна.
“Кибер аюулгүй байдал V форум”-ыг өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал зохион байгуулахаар болжээ.
Тэгвэл олон нийтийн зүгээс үзэсгэлэнгээс мэдээллийн технологийн салбарын сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага болон өөрсдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шинэлэг технологиудтай танилцаад буцаж байгаадаа баяртай байлаа. Харин зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд оролцогчдоос шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачилга тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг уламжлал ёсоор олон нийтийн санал асуулгаар тодруулж, өнөөдөр дүнгээ танилцуулах юм.
Энэхүү үзэсгэлэнгээс гадна ойн ажлын хүрээнд “Хиймэл дагуул-бидний гараар” сэдэвт Кансат сонирхогчдын хиймэл дагуул зохион бүтээх үндэсний хоёрдугаар уралдаан, “Радио Монгол” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Мөн Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгуулагатай хамтран “Кибер аюулгүй байдал V форум”-ыг өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал зохион байгуулахаар болжээ.
Энэхүү форум уулзалтад Ази номхон далайн 21 орны төлөөлөгч оролцож, туршлага солилцохын зэрэгцээ бүс нутгийн мэдээллийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлох аж. Үүнээс гадна цаашид хамтран авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнийхээ талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх юм.
Ц.Жадамбаа: Жил ирэх бүр “ICT EXPO” үзэсгэлэн маань өргөжиж байна
Ингээд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас дараах зүйлийг тодруулсан юм.
-“ICT EXPO-2014” үзэсгэлэн найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Жил ирэх бүр хаяагаа тэлж байгаа нь мэдрэгдэж байна л даа. Учир нь оролцогч байгууллага болон иргэдийн оролцоо нэмэгдэж байна. Үзэсгэлэн маань энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдаж, нээлтээ хийлээ. Төрийн 13, хувийн хэвшлийн 57 байгууллага оролцож байна. Өнгөрсөн жилүүдээ бодоход оролцогч байгууллагуудын тоо нэмэгдсэн.
-Нөгөөтэйгүүр оролцогч байгууллагууд нэмэгдээд талбай багадаж байгаа нь ажиглагдаж байна?
-Тийм ээ. Гэхдээ энэ нь мэдээлэл технологийн хэрэглээ амьдралд илүү өргөн нэвтэрч байна гэж ойлгож байна. Тэр хэмжээгээр шинэлэг, шинэ технологиуд гарч ирж байгаа нь ойлгомжтой. Үүнийг компаниуд олон нийтэд танилцуулж байна. Үзэсгэлэн маань их онцлогтой, сайхан болж байна.
-Манай улсаас хиймэл дагуул хөөргөнө гэж яриад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид 2016 он гэж ярьж байна. Ингэхдээ харилцаа холбооны салбарын хиймэл дагуулыг түрүүлж хөөргөх санал тавьж байгаа. Бодит байдлаас харахад цаасны ажил бол бүрэн дуусчихсан. Үндэсний аюулгүй байдлын шийдвэрийг хүлээж байна. Энэхүү шийдвэрийн дараа бүх зүйл шийдэгдэж, дараа дараагийн ажил явагдах байх.
-Мэдээж хиймэл дагуулыг худалдаж авах байх?
-Тийм ээ.
-Ямар үнээр худалдаж авах бол?
-Одоогоор өртөг үнийн талаар ярих болоогүй. Нууцын зэрэглэлтэй байгаа.
-Манай улс өөрийн гэсэн хиймэл дагуултай болсноор ямар давуу тал бий болох вэ?
-Өнөөдөр мэдээлэл технологийн салбар болон хувийн хэвшлийн олон байгууллага гадны хиймэл дагуулыг түрээсэлж байна. Энэ нь эдийн засаг талаасаа хүндрэлтэй тусдаг нь ойлгомжтой. Олон улсын түвшинд Монгол Улс өөрийн хиймэл дагуулыг хөөргөх нь задгай сансарт маш том орон зайг эзэлж байна гэсэн үг.