Т.Энхцацрал: Залуу эрдэмтдийн мэдлэг, чадвар өндөр байна
Эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Энхцацрал
2014.05.30

Т.Энхцацрал: Залуу эрдэмтдийн мэдлэг, чадвар өндөр байна

Өчигдөр Төрийн Ордонд Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулган боллоо. Чуулганы завсарлагаар Эрдэмтэн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Энхцацралтай ярилцлаа.

- Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулганы талаар товч ярихгүй юу?

Эрдэмтэн эмэгтэйчүүдийн маань нийгэм дэх оролцоо тийм хангалттай бус, дуу хоолой нь төрийн байгууллага, олон нийтэд хүрэхдээ муу байдаг учраас бид энэ удаагийн чуулганаараа уг асуудлыг авч хэлэлцэж байна. Мөн ахмад үе, дунд үе, залуу үеийг хооронд нь уулзуулах, холбож өгөх, туршлага солилцуулах зорилготой. Одоо эрдэмтэн эмэгтэйчүүдийн өмнө мэдлэг, чадвар, хийсэн бүтээснээ хэрхэн бодит баялаг болгох вэ гэдэг асуудал тулгараад байна.

Хоёрдугаарт хүүхдийн хүмүүжил, иргэний нийгэмшил, эрүүл хооллолт буюу амьдралын зохистой хэв маягийн төлөвшил зэрэг манай нийгэмд тулгамдаад асуудлуудыг бид хэлэлцэж байна.

Түүнээс гадна хаана, юу хийдэг нь мэдэгдэхгүй олон тооны эрдэмтэн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн холбоо байдаг. Тиймээс энэ удаагийн чуулганаараа тэрхүү олон холбоодыг нэгтгэх нь зүйтэй юм байна гэсэн саналыг ярьж байна.

- Ер нь шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн маань эзлэх хувь ямар байна? Голдуу ямар салбарт ажиллаж байна вэ?

Монголд нийт 5000 орчим эрдэмтэн байдгийн 1600 нь эмэгтэй байна гэсэн тоо гарсан. Салбараар нь аваад үзвэл улс төр, нийгмийн ухааны салбарт илүү ажилладаг. Дараа нь инженерүүд орно. Хуульч эмэгтэйчүүд олон байна. Тэд маань ар гэртээ илүүтэй анхаарах хэрэгтэй байдаг учраас тогтмол судалгааны ажил хийж чаддаггүй, салбар салбартаа дуу хоолой нь тэр болгон хүрэхгүй байна. Ер нь эрдэмтэн эмэгтэй хүн маш их ачааллыг даах хэрэгтэй болдог.

- Эрдэмтэн эмэгтэйчүүдийн хувьд эрх нь зөрчигдөх үзэгдэл байдаг уу?

Ил биш ч далд хэлбэрээр явагддаг. Тухайлбал эрэгтэй, эмэгтэй хоёр эрдэмтэн бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх болвол эрэгтэй эрдэмтний бүтээлийг сонгох жишээтэй. Эмэгтэйчүүд тэр болгон өөрийнхөө эрх ашгийг хамгаалж дуугардаггүй чимээгүй өнгөрөөдөг. Тэдний бичиж боловсруулсан төслийн олонхи амьдралд нэвтрэлгүй үлддэг.

- Социализмын үед эрдэм чадалтай олон эмэгтэй байсан. Харин залуу үеийн маань хөгжил, хандлага, чадвар ямар байна вэ?

Хооронд нь харьцуулах бол тийм ч оновчтой биш. Учир нь цаг үе өөрчлөгдөж хүмүүсийн хандлага ойлголт ч өөр болсон. Залуу үеийн чадвар хуучнаас дутах юмгүй. Хамгийн гол нь өнөөдөр хүмүүс мэдээллийг маш түргэн хугацаанд олж авч чаддаг. Тэр хэрээрээ мэдлэг нь зузаардаг. Сүүлийн үеийн залуу эрдэмтэд аливааг өргөн хүрээнд харж чаддаг болсон. Хаана ч очоод судалгаа хийх, ажиллах боломж бүрдсэн.