УИХ-ын гишүүдийн хүүхэд насаар аялая
2014.06.02

УИХ-ын гишүүдийн хүүхэд насаар аялая

Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүдийн хүүхэд насны дурсамж,  хүүхдийн баярын мартагдагүй дурсамжаас хуваалцлаа.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Хүүхдийн баяр болохоор бага нас санаанд ороод сэтгэл хөдөлж байна.

-Нийт Монголын эхчүүд, хүүхдүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе.

Хүүхэд байхад миний дуртай баяр Цагаан сар, шинэ жил, Хүүхдийн баяр байсан. Хүүхдийн баярыг одоо өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Эх үрсийн баяр, Эмэгтэйчүүдийн баяраар эх, хүүхдийн эрхийг асуудлыг хөндөж байх ёстой.

Бага насныхаа хүүхдийн баярыг ихэвчлэн ээж, аавынхаа ажлын газартай танилцаж, бэлэг авдаг байсан. Хүүхдийн баяр болохоор бага нас санаанд ороод сэтгэл хөдөлж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Эх үрсийн баяр гэж тэмдэглэж байгаа нь их чухал

-Бидний үед Эх үрсийн баяр биш хүүхдийн баяр гэж тэмдэглэдэг байсан. Хүүхэд бүрийн хамгийн дуртай баяр байсан байх. Хүүхдийн баяраар аав, ээжээсээ бэлэг авч, сургууль, анги хамт олноороо агаар салхинд гарч тэмдэглэдэг байлаа. Одоо бол Эх үрсийн баяр  гэж тэмдэглэж байгаа нь их чухал. Эх үрсийн баяртай холбогдуулан Нийгмийн, бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажилчдын хүүхдийг урьж, Төрийн ордонтой таницуулж, гарын бэлэг гардууллаа. Миний хоёр бага охин энд бас баярлаад явж байна.

УИХ-ын гишүүн М.Сономпил:

Ялангуяа хөдөөний хүүхдүүд бид төрсөн өдөр гэж мэддэггүй байсан.

-Миний хувьд хүүхэд байхдаа хамгийн их хүлээж байдаг баяр бол хүүхдийн баяр байсан. Бидний багад шинэ жил,  хүүхдийн баяр гэсэн хоёр л баярыг хүүхэд бүр хүлээдэг байлаа. Одоогийнх шиг төрсөн өдрийн баяраа тэмдэглэггүй байсан. Ялангуяа хөдөөний хүүхдүүд бид төрсөн өдөр гэж мэддэггүй байсан. Хөдөө өссөн болохоор аав ээж сайхан хоол хийж өгч, тоглоом авч өгдөг байсан. Сүүлийн үед Эх үрсийн баяр болж өргөжөөд зөвхөн хүүхэд баярлах биш эх үрс хамтдаа баярлаж байгаа нь их сайхан зүйл юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ааь ээжтэйгээ хамт тэмдэглэдэг байсан

-Биднийг хүүхэд байхад зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяр болдог, аав ээжтэй хамт баяраа тэмдэглэдэг байсан. Тухайн үед улаан ус ховор байсан. Тиймээс хүүхдийн баяраар улаан ус авaхуулдаг байсан нь сайхан дурсамж байж. Мөн хүүхдийн баяртай холбоотой баярын арга хэмжээнд оролцож, ээж, аав гэлтгүй сум, орон нутгаараа үр хүүхдийнхээ эрүүл энх, сурч боловсроход анхаардаг байсан үе юм.