2014.06.25

Ж.Эрдэнэбат: Тахилтын даваагаа давангуут л сэтгэл огшоод ирдэг

Энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож байна.

-Сайн байна уу? Та өнөөдөр ажлаа тараад амралтын өдрөөр юу хийх вэ? 

Маргааш Сэлэнгэд ажилтай учраас аймгийн төв рүү явна.

-Тантай хамт Сэлэнгэ аймаг руу явж болох уу. Улсын их хурлын гишүүний нэг өдрийн ажил амьдралын талаар сурвалжлах гэсэн юм.

Тэгье. Манай аймгийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа.

-Та нутаг руугаа хэр их явдаг вэ?

Нутаг руу их явна. Манай ээж Зүүн хараад байдаг болохоор очих ажил байна. Амралтын өдрөөр алгасахгүй явдаг. Хүмүүс нутгийн салхи үнэртэй гэцгээдэг нь үнэн юм шиг санагддаг. Гадаад дотоод явсаныхаа дараа Тахилтын даваагаа давангуут л сэтгэл огшоод ирдэг шүү. Тахилтын даваагаар давахдаа нэг удаа зогсдог үгүй бол цонхоо онгойлгож нутгийнхаа салхийг үнэртэнэ.

Орчлон хорвоогийн салхи адилхан байх л даа.

 Гэхдээ л Тахилтын даваагаар давахад төрсөн нутгийнхаа талаар алхаж байна гэж бодохоор нэг л дотно.

-Сэлэнгэ аймаг руу явах зам их сайхан юм. Нэг хэсэг газар жаахан эвдэрсэн байна?

Сүүлийн нэг жилийн хугацаанд илт эвдэрчихсэн. Үүнийг засч сайжруулах тал дээр Засгийн газарт санал болгосон. Энэ зам хэдэн ядарсан монголуудын  маань унаа тэргийг эвдлэхээр болчихсон.

-Танай аймаг байгалийн сайхан цогцолсон, үзэсгэлэнт газруудтай нутаг. Ер нь жуулчид хэр ирдэг вэ?

Жуулчдыг татах хамгийн  гол зүйл нь тухайн амралт жуулчны баазын орчин нөхцлийг сайжруулах явдал. Дотоодын жуулчид их ирж байгаа нь үзэсгэлэнтэй газар амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гэсэнтэй холбоотой байх. Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хоттой ойрхон болохоор дотоодын жуулчид их ирдэг.  

Харин гадаадын жуулчдыг татахын тулд зайлшгүй байх тэр нөхцлийг бүрдүүлэх ёстой. Монгол бол онгон байгальтай гэдэг ч юм уу. Нэг үнэт зүйлээрээ л татах ёстой.

-Зүүнхараа бол таны унасан газар угаасан ус шүү дээ. Та багадаа ямар хүүхэд байв?

Бага насандаа Зүүнхараа Сангиа аж ахуй хоёрын хооронд 6-7  километрийн зайтай газар эмээ өвөө рүүгээ яваад л гэртээ харина. Хүүхэд байхад ийш тийшээ явах аялах их дуртай байдаг. Би тэвэг тоглож чаддаггүй байсан юм. Бусад тоглоомыг бол чадна. Гэртээ өвөөтэйгөө шатар тоглоно.

-Багадаа хэр сахилгагүй байсан бэ?

Сахилгатай байсан. Ер нь багшийн хүүхэд, захирлын хүүхэд томоотой байхгүй бол болохгүй шүү дээ. Аав ээжийн хүмүүжлээр томоотой байсан.

-Танай ангийнхан намрын ажил ургац хураалтанд оролцдог байсан байх. Тэр талаараа ярина уу?

Манай Сангиа аж ахуй чинь төмс тарина. Нарийн ногоо бүх төрлөөр нь тарина. Бас үр тариа ч тарина. Үр тариан дээр голдуу оюутнууд ирж ажилладаг. Төмс нарийн ногоон дээр манай сургуулийн хүүхэд явна. Хавар намрын ажилд бол хүүхдүүд гуравдугаар ангиа төгсөөд л явдаг байлаа.

Манай сургууль найман жилийн сургууль байсан учраас дөрөвдүгээр ангийн хүүхэд бол маш том хүүхэд Ширхэнцэг уулын цаана нарийн ногооны хэсэг талбай байдаг зунжингаа нарийн ногооны зэрлэг зулгаана. Намартаа ирж хураана хавар нь бол мянгын зоориноос төмс гаргана.

Би нэг удаа ангийнхаа Цэрэндондовтой цуг багшаасаа нуугдаж загасанд яваад 80-аад загас барьж байсан. Тэгсэн чинь багш загнаад та хоёр өлсөөд байна уу төр засаг хоол өгч байхад цатгахгүй байна уу гэж билээ.  Яахав хүүхэд юм чинь сонирхлоороо л явсан хэрэг.

-Одоо ангийхантайгаа уулзахад УИХ-ын гишүүн болсон байна. Хүмүүсийн хандлага ямар байна. Өөр болдог уу?

Манай ангийнхан хамаа байхгүй шүү дээ. Ерөөсөө наймын “в” түүгээрээ л байна. Их хурлын гишүүн болсон бай,  аймгийн  дарга болсон ч бай, хүн хүнээрээ л байх ёстой. Би наймын “в” ангийн хүүхэд л байхгүй юу манай ангийнхан тэгж л харьцна. Би ийм байгаад нь их баярладаг юм аа. Ангийнханаасаа хөндийрчих  юм бол наймын “в”-ийн хүүхэд биш болчихно шүү дээ.

-Мандал сумын дөрөвдүгээр сургууль дээр байна. Таны хамгийн дурсамжтай газар байх. Одоо таны сайхан дурсамжууд тань хөвөрч байгаа байх?

Энэ сургуулийн 10-р ангийг төгссөн. Энэ ерөөсөө үндсэндээ бол Хэрх тосгонд миний хүүхэд насны бүхий л дурсамжууд үлдсэн. Зүүнхараа хот гэдэг нэртэй байсан. Одоо бүгд нийлээд Мандал сум болсон. Сумын хувьд бол удирдлагаар манай өвөө ажиллаж эмээ багшаар ажиллаж байсан.

Аав захирлаар нь бас багшаар, аавын эгч нь багшаар ажиллаж байсан. Би удам дамжсан багшийн хүүхэд. Манай ангийн багш сахилгагүйтлээ гээд л ангид түгжээд л явна. Бид нар цонхоо онгойлгонгуут багш сандраад хаалгаа онгойлгоод л ирдэг. Бас жаахан дэггүйтсэн маягтай. Яах гээд байна та нар гэхээр багшаа цонхоор бууж болох болов уу гэж харсан юм гэхээр битгий дэмий юм яриад бай та нар гээд л манай Нарангэрэл гэдэг багш гэж хэлнэ.  

Манай анги жаахан дүрсгүй анги байсан. Би дүрсгүй байгаагүй. Анги маань үйлчлэх хөрөнгийн анги тэгсэн мөртлөө хүүхэд байхад их зоригтой ч байсан юм уу тэнэг ч  юм уу үйлчлэх хөрөнгийн оёдлын машинтай ширээнүүд дээгүүр дамжиж гүйгээд л нүдээ боож тоглодог байсан. Тухайн үед багш мэдээгүй. Харин одоо багшаасаа уучлал гуймаар байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?