Д.Ганхуяг: Банкны алдагдлыг төсвөөс хариуцахыг зогсооё
2009.12.28

Д.Ганхуяг: Банкны алдагдлыг төсвөөс хариуцахыг зогсооё

Төрийн банк болсон "Зоос" банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гаригт баталсан. Гэвч 16 гишүүн үүнд эсрэг саналтай байгаа юм.

-Төрийн банкинд бонд гаргая гэдэгт та эсрэг санал өгсөн Бонд гаргах нь буруу гэж үзэж байна уу?

-Энэ нь төрийн банкийг дэмжихэд гаргаж байгаа бонд биш л дээ. Товчхон хэлбэл, төр иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасныхаа төлөө арилжааны банкны алдагдлыг хариуцахад зориулж гаргаж байгаа бонд. Бонд гэдэг чинь хүүтэйгээр буцааж төлөх өр шүү дээ. Мөн банк өөрийн хөрөнгөнөөсөө хэд дахин том зээлийг танил талынхаа эсхүл улс төрд нөлөөтэй компанид өгөөд байгаатай холбоотой. Угтаа бол Монголбанк төрийн өмнөөс арилжааны банкны санхүүгийн зохистой байдалд хяналт тавьж иргэдийн хадгаламжийг манаж байх үүрэгтэй. Гэтэл төр иргэдийн хадгаламжинд арилжааны банкны урдуур орж даатгалын байгууллагын үүргийг өөр дээрээ авч баталгаа гаргаснаас луйврыг өөгшүүлэхэд хүрээд байна.

Тэгээд баталгаа гаргагч төр хамгийн бага хохирол хүлээх хувилбар нь "Зоос" банкыг үл хөдлөх хөрөнгө, ганц нэг эргэж төлөгдөх найдвартай зээлтэй нь тасдаж төрийн банк болгох шийдвэр гаргаж байгаа нь энэ. Одоогийн байдлаар 65 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаж Монголбанкинд худалдаж иргэдийн хадгаламжийг нөхөх байх. Энэ бондын болон тэр хүүгийн нэмэгдлийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах нь ойлгомжтой. Дээр өгүүлсэн найдваргүй баталгаа нь төрөөс компанид олгосон ашигт малтмалын лиценз. Зарим лицензд банкууд давхардуулаад баталгаа гаргасан бололтой. Тиймээс "Зоос"-ыг төрийн банк болгож байгаа хувилбарыг дэмжсэн ч, энэ байдлаараа цаашилбал дахиад ийм асуудал босохгүй гэх баталгаа алга, ямар арга хэмжээ авах талаар шийдвэрлэсэн зүйл байхгүй.

Нөгөө талаас иргэдийн хадгаламжийг бусниулж төрийг хохироосон явдалд хариуцлага ярихгүй шинжтэй болохоор нь эсрэг санал өгсөн. 100 тэрбум төгрөг хаана ч бага хөрөнгө биш, олон татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр. Өмнө нь ийм асуудлууд олон гарч байсан. Бас л татварын орлого төсвөөс иргэдийг хохиролгүй болгоод, гол эзэд нь хөрөнгийн хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн байдаг. Ийм асуудлыг УИХ хаалттай яриад байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй баталгаа гарчихсан юм чинь. Ер нь төр хэрэггүй юманд оролцох, хаалттай болоод ирэхээрээ асуудалтай болдог.

-Ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж?

-"Зоос" банк дампуурахад хэн буруутайг тогтоох шаардлагатай. Бас "Зоос" банк хувьцаат компани. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ банкийг дампууруулах, төрийн банк болгох асуудлыг хэлэлцүүлээгүй гэж байгаа. Энэ чинь төрийн хувийн өмчид халдаж байгаатай адилхан үйлдэл. Хувьцаа эзэмшигчдийн хохирлыг хэн барагдуулах вэ. Засгийн газрын бондын өрийг хэн ямар хугацаанд хэрхэн барагдуулах үүргийг УИХ-ын тогтоолоор өгч, хэрэгжилтэд нь хяналт тавих боломжийг бүрдүүлж болох л байсан.

-100 тэрбумын бондыг хэдий хугацаанд хэдэн хувийн хүүтэй гаргаж байгаа юм бол?

-Ямар ч байсан урт хугацаатай байх нь ойлгомжтой. Тэгэхгүй бол энэ жилийн төсөв энэ ачааллыг даахгүй ээ. Бонд гаргах эрхээ авсныхаа дараа худалдан авагчтайгаа нөхцөлөө тохирох байх.

-"Анод"-д дахиад 170 тэрбумын бонд гаргана гэсэн шүү дээ?

-Гол нь иргэдийн хадгаламжаар зээл өгч ашиг олдог хувийн банкууд энэ хадгаламжийг өөрсдөө даатгуулах ёстой атал, төр урдуур нь орсноор ийм байдал үүссэн. Өөд нь татаж чадахгүй юмаа гэхэд Монголыг монголоор үлдээмээр байна. Энийгээ Монголбанк хариуцах хэрэгтэй. Ингэхээр амархан нь эмисс буюу төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлэх байх. Үр дүн нь төгрөгийн ханш муу хэвээрээ байх болно.

-Арилжааны банкийг дампуурахаар, алдагдлыг Засгийн газрын бонд гаргаж нөхөх нь хэр оновчтой арга юм бэ?

-Банкны ашгийг банк өөрөө авдаг, алдагдлыг төр хариуцдаг байж болох уу. Энэ нь банкаар иргэдийн хадгаламжийг даатгуулахын оронд, төр хариуцдаг хуультай болсонтой холбоотой. Мөн иргэдийн хадгаламжинд гаргасан баталгааг буруугаар ашигласан, ашиглах боломж олгосон зэрэг нь энэ харилцаанд оролцогч буруутай этгээдтэй хариуцлага тооцохоос нааш байдал сайжрахгүй байх талтай. Иймээс энэ зангилаа болсон хуулийг өөрчилж банкны алдагдлыг төсвөөс хариуцахыг зогсоомоор байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.