Д.Баттогтох: Эрдэм шинжилгээний ажилд санхүүжилт маш чухал
Жил бүр уламжлал болон залуу судлаач, багш нарын дунд зохион байгуулдаг “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал энэ өдрүүдэд болж байна. Уг хурлын талаар Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтохтой ярилцлаа.
-Жил бүр “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал болдог. Энэ жилийн бага хурал хэл хоног үргэлжилэх вэ. Хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?
Энэ жилийн тухайд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зохион байгуулагдана. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал маань 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа.
-Энэ жилийн онцлог нь юу байх бол. Ямар ямар салбарыг хамруулах вэ?
Монголын залуу эрдэмтдийн холбооноос дөрвөн жилийн стратеги төлөвлөгөө гарган түүнийгээ хэрэгжүүлэн ажилладаг. Бид энэ жилийн “Хүрэлтогоот” хурлыг өөрсдийн уриатай уялдуулан “шилдэг инноваци” төслийг шалгаруулж байгаа. Энэ нь өмнөх хурлуудаас онцлог болж байгаа юм.
Салбаруудын тухайд, уламжлалт байдлаар шинжлэх ухааны үндсэн салбар болох Байгаль, Нийгэм, Биологи хөдөө аж ахуй, Техник технологи, Анагаах ухаан болон Геологи-Газарзүйн ухаан гэсэн зургаан салбарыг хамруулан зохион байгуулж байна.
-“Хүрэл тогоот”-ын үеэр хэд хэдэн салбар хуралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ тодруулдаг вэ. Шилдэгүүдийг ямар шалгуураар сонгодог вэ?
Тухайн салбардаа тэргүүлэгч эрдэмтэн, профессор нар салбар холбоодын хурлын шүүгчээр ажилладаг. Залуу судлаачдын шилдэг бүтээлийг судалгааных нь цар хүрээ, шинэлэг байдал, илтгэх урлаг, шинжлэх ухаан болон практик ач холбогдол зэргийг нь харгалзан шүүгчийн өгсөн үнэлгээг үндэслэн шалгаруулдаг.
Тухайн салбардаа тэргүүлэгч эрдэмтэн, профессор нар салбар холбоодын хурлын шүүгчээр ажилладаг.
-Шилдэг бүтээл, илтгэлийг хэрхэн урамшуулж байна?
Салбар бүрээс шалгарсан шилдэг 12 залуу судлаачид БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грантыг олгодог. Мөн залуу эрдэмтдийн холбооноос шалгарсан 12 бүтээлээс шилдэг инноваци бүхий бүтээлийг шалгаруулан санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг үргэлжлүүлнэ. Ингэснээр тухайн судлаачийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эсвэл гарааны компани болгон хөгжүүлж зах зээлд байр сууриа олсон монгол ухаан шингэсэн брэнд гаргах боломжтой юм.
-Залуу судлаач, эрдэмтэдийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тохиолдол хэр байдаг вэ. Одоогоор үйлдвэрлэлд нэвтрүүлсэн туршлага байгаа юу?
Шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд судалгаа, дотоодын аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага, бүтцийг сайн тооцох хэрэгтэй. Ер нь шинжлэх ухаан ба үйлдвэрлэл гэсэн хоёр салбар зэрэг хөгжиж байж биет нөөц буюу баялагийг бий болгодог. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрлэлийн салбарт ямар технологи, үйлчилгээ, шинжлэх ухааны шийдэл хэрэгтэй байна түүнийг нь эрдэмтэн, инженер нар шийдэж өгөх замаар хоёр тал харилцан ашигтай ажиллана.
Мөн шинжлэх ухааны бүх үр дүн үйлдвэрлэл практикт нэвтрээд ашиг олох ёстой гэж бас харж болохгүй учир нь зарим эрдэмтдийн судалгаа шинжлэх ухааны салбартаа дэвшил гаргасан нээлтийн бүтээл, судалгааны үр дүн байж болно. Залуу эрдэмтдийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээлийн тухайд нилээдгүйг дурьдаж болно.
Тухайлбал, ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн цэвдэг судлалын лабораторийн эрхлэгч, доктор Я.Жамбалжаваар ахлуулсан хэсэг залуу судлаачид байгалийн хөргөлттэй Мөсөн зоорийн технологийг гарган, 40 тоннын мөсөн зоорь барьсан. Энэ зоорийн давуу тал нь ямарч тог цахилгаан ашигладгүй байгалийн энергиэр ажилладаг юм.
Ийм зоорийг олон газар байгуулах боломжтой. Ингэснээр мах болон бусад бүтээгдэхүүнийг зоорьд хадгалах улмаар эдийн засгийн хэмнэлт, махны үнийг тогтвортой байлгах зэрэг олон давуу талтай.
-Их сургуулиуд багш нараа түшиглэн гарааны компани байгуулах асуудалд анхаарч эхлээд байгаа. Харин залуу судлаачдын хувьд энэ нөхцөл, боломж нь хэр байна вэ?
Инновацийн тухай хуулинд старт ап буюу гарааны компани гэж инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг хэлдэг. Дэлхий нийтэд олон мянган тэргүүлэх компани их сургуулиудаас гарааны компани байдлаар үүсэн хөгжсөн байдаг.
Инновацийн тухай хуулинд старт ап буюу гарааны компани гэж инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн..
Гэхдээ манай улсад ингэж гарах бололцоо бараг байхгүй. Ийм бололцоог бий болгохын тулд бид эхлээд сургалтад суурилсан сургуулиудаа судалгаа болон антрепренёр их сургууль болгох хэрэгтэй. Бүгдийг биш юм гэхэд зарим хэсгийг нь, дээр нь нэмж хэлэхэд шинжлэх ухааны хүрээлэнгүүд ч гэсэн илүү зах зээлтэйгээ уялдан хэрэглэгч нийлүүлэгч гэсэн ойлголтоор судалгаагаа явуулах хэрэгтэй. Ингэснээр залуу судлаачдад гарааны компани байгуулах боломж илүү их нээгдэх юм.
-Залуу судаачид маань ямар чиглэлээр түлхүү судалгаа хийж байна, тулгардаг саад бэрхшээл нь юу байна?
Манай залуу судлаач, эрдэмтэн нар суурь болон хэрэглээний бүх чиглэлээр судалгаа хийдэг. Сүүлийн жилүүдэд хэрэглээний талын судалгааг илүү сонирхон судлаж байна энэ нь зах зээлийн нийгэмд өөрийгөө тэтгэх гол хөшүүрэг болно гэж бид харж байгаа. Учир нь залуу судлаачид шинжлэх ухааны үр дүнгээ үйлдвэр практикт нэвтрүүлэн ашиг олж улмаар өөрийхөө судалгааг өргөжүүлэх санхүүгийн боломжтой болно гэсэн үг юм.
Залуу эрдэмтэдэд тулгардаг гол бэрхшээл нь судалгаа шинжилгээ явуулах бааз буюу лаборатори, багаж тоног төхөөрөмж дутмаг байдаг явдал. Мөн эрдэм шинжилгээний ажилд зарцуулж буй санхүүжилт хангалтгүй байдгийг дурдах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвараас гадна санхүүжилтийн асуудал маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө мэдлэг хоёр бол харилцан хамааралтай зүйл юм.
-Судалгааны ажилд хөрөнгө мөнгө нэлээд шаарддаг гэдэг Залуу эрдэмтдийн холбооноос энэ асуудалд хэр анхаардаг вэ?
-Монголын залуу эрдэмтдийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, нийгмийн төлөөх байгууллага бид ашгийн бус байгууллага учир тэр болгон мөнгө санхүүгээр дэмжилэг өгөх боломж олддоггүй. Гэхдээ бид ирэх дөрвөн жилд залуу эрдэмтэн судлаач нарын хамгийн их хэрэгцээтэй зүйл болох судалгааны санхүүжилт дээр нь анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Энэ хүрээндээ бид Шинжлэх ухааны Академитай хамтран үүсгэн байгуулсан “Залуу эрдэмтдийг дэмжих сан”-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх мөн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжыг залуу эрдэмтэн судлаач нарт нээж өгөх зэрэг арга хэмжээг авч ажиллана.
-“Хүрэл тогоот”-д орох илтгэл, судалгааны ажлыг сонгон шалгаруулж хэлэлцүүлдэг үү. Эсвэл хүссэн судлаач бүр энэ хуралд орох боломжтой юм уу?
Жил болгон зохион байгуулагддаг “Хүрэлтогоот” хуралд бүтээл илтгэлээ хэлэлцүүлэх хүсэл сонирхолтой олон залуус байдаг. Эхний шатны шалгаруулалтанд 500 гаруй судлаачдын бүтээл ирдэг ба үүнээс хоёрдугаар шат буюу “Хүрэлтогоот” оргилд зохион байгуулагддаг хуралдд 100 гаруй бүтээлийг оролцуулж тэдгээрээс шилдэг 12 залуу судлаач шалгарч БШУ сайдын нэрэмжит грант олгодог.
МЗЭХ нь 700 гаруй гишүүнчлэлтэй байгууллага гэхдээ бид “Хүрэлтогоот” хуралд заавал холбооны гишүүн орно гэж хатуу заадгүй гишүүн бус судалгаа шинжилгээ хийдэг төрийн болон төрийн бус мөн хувийн байгууллагийн судлаач оролцох боломжтой. Гэхдээ бид аль болох холбооны гишүүн залуусыг оролцуулахыг чухалчилдаг.
-Та залуу судлаач, эрдэмтэддээ хандаж юу хэлэх вэ?
XXI зуунд Монгол Улс болоод дэлхий нийтэд олон зүйл өөрчлөгдөн шинэ хандлага бий болсоор байгаа. Даяарчлал, мэдээлэл технологи, интернет зэрэг нь дэлхийг улам бүр хавтгай болгон нэгтгэж байна. Манай улс уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжих хэрэгтэй.
Энэ эдийн засгийг бий болгоход залуу эрдэмтэн судлаачдын үүрэг хамгийн чухал байх болно. Иймээс олон улсад өрсөлдөх чадвар бүхий мэдлэгийг бий болгохын төлөө хамтдаа урагшлья гэж уриалмаар байна. Мөн “Хүрэлтогоот”-ын шилдэгүүдийн төлөө өрсөлдөж буй залуу судлаач нартаа амжилт хүсье.