Залуу эрдэмтэд
2014.06.09

10 залуу эрдэмтэнд судалгааны тэтгэлэг олголоо

БШУ-ы сайд Л.Гантөмөр өнгөрсөн баасан гаригт 10 залуу эрдэмтэнд докторын дараах судалгааны тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлэг авсан эрдэмтдийн судалгааны ажлыг дурдвал, авто замын гадаргуу дээр үүсдэг эвдрэл гэмтлийг урьдчилан сэргийлж оношлох, Li баттерейны шинэ материалын технологи, чихрийн шижин өвчтэй хүний хөлийн өвчлөл, түүнд тохирсон гутал үйлдвэрлэх, тод бичгийн модон барын номын судалгаа зэрэг юм.

Хөнгөн үйлдвэрийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн “Армоно” нэгдлийн эрдэм шинжилгээний ажилтан З.Энхжаргал “Би Чех улсад докторын зэрэг хамгаалсан. Энэ тэтгэлгийг авч байгаадаа баяртай байна. Ийм өвчтэй хүнд зориулсан тусгай хамгаалалтын гутал хийх нь миний судалгааны ажлын гол зорилго.

Учир нь чихрийн шижин өвчтэй хүний хөлийн захын мэдрэлийн судаснууд гэмтсэнии улмаас хөлөө тайруулахад хүрдэг, Иймээс тусгай зориулалтын гутал шаардлагатай.

Ийм гутал нь шарх үүсэхээс урьдчилан сэргийлж, хамгаалдаг” гэсэн бол МУИС-ийн Физикийн тэнхимййн багш Н.Төвжаргал “Li батерей гэдэг нь энгийнээр хэлбэл гар утасны батерей. Батерей нимгэн, хөнгөн, удаан хугацаанд ашиглагддаг байх шаардлага нийгэмд бий болсон. Энэ шаардлагад тулгуурлан үнэ хямд, олон дахин, удаан хэрэглэх боломжтой, байгаль орчинд ээлтэй батерейг бүтээхээр судалгаа хийж байна” хэмээсэн.

Нэг хүнд олгох тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны эрдэмтэд үүнд хамрагдах боломжтой. 2010 оноос хойш энэ тэтгэлгийг 36 залуу эрдэмтэн хүртжээ. Эрдэмтэд үр дүнгээ БШУЯ-нд тайлагнадаг гэнэ.

Залуу эрдэмтдийг ямар шалгуураар сонгосныг БШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга ЖДаваасамбуугаас тодруулахад “Нийт 47 эрдэмтэн хүсэлтээ ирүүлснээс тухайн судалгаа нь инноваци болох боломжийг харгалзаж, 10 эрдэмтний бүтээлийг шалгаруулсан. Энэ тэтгэлгийн гол зорилго нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг сайжруулах, үр дүнг нь инноваци болгох, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд чиглэгддэг” гэв.