Ц.Нямдорж: Бусад бүх хуулиудыг ингэж л хийх ёстой
Сүүлийн үед манайхан ажлаа хийж чадахгүй болохоороо хууль руу бүх буруугаа чихдэг өвчтэй болчихсон
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө.
Энэ удаад тус хуулийг санаачилж, батлуулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.
-2011 онд Хууль зүйн сайд байхдаа таны санаачилж батлуулсан Жолоочийн даатгалын хууль хэрэгжээд гурав дах жилтэйгээ золгож байна. Хуулийн хэрэгжилтийг холбогдох байгууллагууд 93 хувьтай дүгнэсэн ч цаашид анхаарах олон асуудал байгааг анхааруулсан. Таны бодлоор хэрэгжилтийг юу гэж дүгнэдэг вэ?
Хуулийн хэрэгжилтийг би байнга анхаарч явдаг. Жолоочийн даатгалын хууль бол миний Хууль зүйн сайд байхдаа УИХ-аар оруулж батлуулсан хамгийн том хууль. Тухайн үед жолоочийн хариуцлагын албан журмын даатгал ерөөсөө байгаагүй. Энэ хуулиар хоёр том асуудлыг шийдэж чадсан.
Нэгдүгээрт хуулийн нэр томьёог 1990 оноос хойш жигдэлсэн нэг үзэгдэл байдаг юм. Миний бие олон жилийн турш монгол хүний чихэнд буудаггүй албан журмын даатгал гэх үгийг хуулинд албан ёсоор яаж оруулдаг юм билээ гээд бодож, мөрөөдөж явсаар Жолоочийн даатгалын хуулиар албан журмын гэдэг томьёолол оруулж, ерөнхийдөө монголын хуулийн албан ёсны хэллэг болгосон.
Хоёрдугаарт энэ даатгал нь шинэ төрлийн даатгал. Хууль боловсруулж байхад хэрвээ ийм даатгалтай болчихвол, жилд олох хураамж, нөхөн төлбөрийн хэмжээг баримжаагаар тооцоолж байгаад ерөнхийдөө алдагдалгүй, ард иргэдэд, тээврийн хэрэгсэл эзэмшигчид ашигтай хууль болох хувилбарыг сонгосон.
Жолоочийн даатгалын 2012 оны жилийн тайланг 2013 онд авч үзэхэд даатгалын компаниуд 12 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олж ороод 6 орчим тэрбум төгрөгийг нь нөхөн төлбөрт буцаан өгсөн байсан. Өөрөөр хэлбэл цаад талд нь үлдэх мөнгө 6-7 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Саяхан энэ асуудлаар Албан журмын даатгагчдын холбоо мэдээлэл хийсэн.
Тэндээс үзэхэд энэ оны есөн сарын байдлаар даатгалын хураамжийн орлого 16 орчим тэрбум төгрөг хуримтлагдаж, 7-8 орчим тэрбум төгрөг буцаж гарсан байгаа юм.
Хуучин бол хүмүүс аваарт ороод хохироод үлддэг, буруутай этгээд нь мөнгө төгрөггүй гээд шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлдэг хүндхэн нөхцөл байдалд ордог байсан. Харин даатгалтай болсноор хохирлоо барагдуулах болсон. Бусад бүх хуулиудыг ингэж л хийх ёстой гэж боддог.
Балансыг нь сайн тооцоод, эдийн засгийн хувьд ашигтай бол тэр хууль сайн гэсэн үг. Ямар ч тохиолдолд энэ хууль хүнээ ч хамгаалсан, техникээ ч хамгаалсан эдийн засгийн хувьд ашигтай хууль гэж ойлгох хэрэгтэй.
Мэдээж явцын дунд сайжруулах асуудлууд байлгүй яах вэ. Тэрийг хуулийг анх батлуулж байхдаа ч хэлсэн. Яг энэ батлагдсан чигээр нь хоёроос гурван жил мөрдөөд үзье, амьдралаас ургаж гарах өөрчлөлтийг хийхээр бол Улсын их хурлаас өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн. Хэрвээ тийм зүйл байвал холбогдох газрууд нь саналаа боловсруулаад асуудал оруулж шийдүүлэх боломжтой.
-Хамгийн их яригдаж байгаа асуудал нь даатгалын хураамжийг нэмэх хэрэгтэй, үгүй бол хоёр жилийн дараа гэхэд даатгал хийх компани олдохгүй гэсэн. Ер нь яагаад хураамжийн хэмжээг хатуу зааж өгсөн юм бэ?
Монгол улсын Үндсэн хуулинд татварыг Улсын их хурал тогтооно гээд заачихсан. Татвар дотроо албан татвар мөн орж байгаа гэдэг утгаараа жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг зааж өгсөн байгаа. Энэ бол Үндсэн хуулинд захирагдаж хийсэн хэрэг.
Гэхдээ энэ тоог хууль хэрэгжүүлэх явцын дунд шаардлага гарвал жил жилээрээ өөрчлөх эрх нь Улсын их хуралд байгаа. Үүний тулд байнгын ажиллагаатай парламент ажилладаг. Даатгалын компаниуд нь хүндрэлд ороод ирвэл эрсдлийн бас нэг заалт байгаа. Эрсдлийн сан гэж байгаа. Давхар хамгаалалтын механизм хуулийн дотор байгаа шүү дээ.
-2011 оны 5- сарын 19-нд жолоочийн даатгалын хуулийн төслөө хэлэлцэж байхад та хурлын үеэр, Албан журмын даатгалыг хийх компаниудад тав зургаан шалгуур тавьж байгаа гэдгийг хэлээд, хэн дуртайд нь өгөхгүй, хэрвээ хөрөнгийн чадваргүйд нь өгчихвөл хэдэн жилийн дараа нөхөн төлбөр өгч чадахгүй болж аюул тарьж мэднэ гэж байсан. Гэтэл өнөөдөр 16 компани эрхэлж байна. Тэд одоо алдагдалтай байна гээд яриад эхэллээ.
Найдваргүй компаниуд байгаа бол жолоочийн даатгалыг хийхээ л больчих хэрэгтэй. Энэ бол хуулийн асуудал биш. Хяналт тавих үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбооноос үүсгэн байгуулдаг даатгалын гүцэтгэлийн байгууллагууд асуудлаа яриад, даатгалыг хийж чадах, чадахгүйгээ тооцоолоод, аль компанид хийлгэнэ, хийлгэхгүй гээд шийдэх хэрэгтэй. Тэгээгүй байж сүүлд нь хамаа намаагүй тарааж хаячихаад өөрсдөө хуулиас болж алдагдал хүлээж байна гэж ярих нь дэндүү хариуцлагагүй асуудал.
Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулах үүрэгтэй газрууд ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг.
-Албан журмын даатгал маань ард түмнээ бодсон, хохирогчоо бодсон хууль. Тиймээс бизнесийн зориулалттай, ашиг олох гэсэн хууль биш гэж гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй зарим хүмүүс хэлж байсан л даа.
Ямар нэгэн хэмжээгээр бизнесийн зорилго хуулинд бий. Тэр даатгалын компаниуд ашигтай ажиллахын тулд нь энэ даатгалын үйлчилгээг авч хэрэгжүүлж байгаа. Түүнээс биш ашиггүй бол хийхгүй. Огт бизнесийн сонирхолгүй хууль гэж хэлж болохгүй. Ямар нэгэн хэмжээгээр байгаа.
-Бусад улс оронд заавал компаниудаар жолоочийн даатгалыг хийлгэлгүйгээр Албан журмын даатгалын холбоо нь санд хураамжийг төвлөрүүлж, зуучлагчдаар дамжуулан явуулдаг. Ийм байж болох уу. Энэ хувилбарыг тухайн үед ярьж байв уу?
Хууль дотор холбоод, хяналт тавих үүрэгтэй СЗХ, гардаж ажил гүйцэтгэдэг гүйцэтгэлийн газруудын эрх үүргийг бүгдийг нь тодорхой заасан. Хуулинд сүртэй зөрчил байхгүй.
-Хуулийн гол ач холбогдлыг хохирогчийг хамгаалах, жолооч нарыг хариуцлагажуулах гэж ойлгож байгаа. Хууль санаачилсан хувьд юу та гэж хардаг вэ?
Өмнө нь буруутай хүн нь хохирогчид төлбөрийг нь иргэн хоорондын дүрмээр зохицуулж төлдөг байсан бол энэ хууль батлагдсанаар сан бүрдүүлээд хохирлоо гаргуулж авах боломжтой болсон. Мөнгөгүй хүн аваар, осол хийсэн тохиолдолд хохирогч нь юу ч авалгүй үлддэг байсан бол одоо сангаас мөнгө аваад хохиролгүй болдог болчихсон. Ямар ч тохиолдолд ашигтай зүйл. Харин холбогдох байгууллагууд нь ажлаа хийж чадаж байна уу гэдэг нь тусдаа ярих асуудал.
Тэр өвчин л наад хуулийг чинь дагаж байгаа байх.
Сүүлийн үед манайхан ажлаа хийж чадахгүй болохоороо хууль руу бурууг чихдэг өвчтэй болчихсон шүү дээ. Тэр өвчин л наад хуулийг чинь дагаж байгаа байх.
-Жолооч нар бас хариуцлагын даатгал учир илүү хариуцлагатай болох ёстой гэж байгаа. Сайжирч байгаа болов уу. Хэлэлцүүлэгт оролцогчид жолооч нарын хариуцлагыг илүү сайжруулах хэрэгтэй гэж байсан?
Тийм зорилго байгаа. Гэхдээ манай энэ жолооч нарын хариуцлага хэцүү шүү дээ. Нарийндаа яривал мэргэжлийн жолооч бэлтгэдэг газар байхгүй болчихлоо. Хэн дуртай нь жолооны курс ажиллуулж, халтуурдаж заагаад, төгсч буй жолооч нар нь галзуу юм шиг жолоо барьж байна шүү дээ. Тэгэхээр жолооч нарын хариуцлагыг сайжруулна гэдэг үе үеийн л засгийн газрын ажил байсан. Монголын жолооч нар шиг замын хөдөлгөөний дүрмээ зөрчдөг хүмүүс байхгүй. Төвөгтэй улс.
-Хуулиар эд хөрөнгийн эрсдлийг тодорхой хэмжээгээр нөхөж байгаа ч эрүүл мэнд, амь насны эрсдэл гарвал даатгалын хураамж, хэмжээгээс болоод нөхөн төлбөр, хохирол үнэлгээ бага байна. Үүнийг цаашид хэрхэн сайжруулах вэ?
Эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг энэ хуулиар зохицуулахгүй. Тусдаа Эрүүгийн хуулиар замын хөдөлгөөний журам зөрчсөн, гэмт хэргийн зүйл ангиар шийтгүүлээд явдаг. Энэ хуулиар биш өөр хуулиар төлүүлдэг журамтай. Харин жолоочийн даатгалаар зөвхөн даатгуулсан тээврийн хэрэгслийн тухайд яригдана.
-Иргэдээс санал авахад даатгалын компаниуд дээр хүндрэл чирэгдэлтэй ажиллаж, нөхөн төлбөрөө дутааж өгдөг хэмээн шүүмжилж байсан. Уг нь Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих учиртай.
Аливаа хууль сайн байхаас гадна гүйцэтгэгч, хэрэгжүүлэгчид нь сайн ажиллах ёстой. Гэтэл манай одоогийн нөхцөл байдлаас үзэхэд төрийн байгууллагын ажилтнуудын чадавхи суларчихлаа. Ажлаа хийдэггүй, зохицуулж чаддаггүй, хүнд суртал гаргадаг. Ийм явдал байгааг үгүйсгэхгүй.
Хүн нь сайн байвал хууль нь муу байсан ч ажлаа хийгээд явдаг л байхгүй юу. Эцсийн дүндээ наад хуулийн хувь заяа ажил хариуцаж буй хүмүүсийн гүйцэтгэх чадвараас 50 хувь хамаарна. Үгүй бол хууль руу буруугаа чихээд, хэрэгтэй хэрэггүй хуулинд заагаагүй шаардлага тавиад л арын хаалгадаж, будилуулаад суувал хуулийн хэрэгжилт цаашдаа ч сайн байхгүй. Эдгээр дутагдлуудаас хол байж чадвал хууль сайн хэрэгжинэ.