Д.Баттогтох: Зээлийн батлан даалтын сан 18 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан
Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга, доктор Д.Баттогтох
2014.11.11

Д.Баттогтох: Зээлийн батлан даалтын сан 18 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан

Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга, доктор Д.Баттогтохтой ярилцлаа.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого баримталж байгаа. Үүний үр дүн ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Энэ оны байдлаар жижиг дунд үйлдвэрийн бүс нутгийн зээл олгож байна. Мөн импорт орлох экспортыг дэмжих үйлдвэрүүдэд хоёр тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох юм. Ингээд үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Өнөөдрийн байдлаар 70 гаруй тэрбум төгрөг эзэндээ очоод байна. Энэ хүрээнд 180-аад үйлдвэр өргөтгөж байгаа. Бас 88 үйлдвэр шинээр байгуулагдлаа. Иймд 3800 ажлын байр шинээр бий болсон тооцоо гарсан.

Үүнээс гадна 1800 ажлын байр хадгалагдан үлдсэн статистик бий. Хөдөлмөрийн яамнаас хөнгөлөлттэй зээлээс олгохоос гадна санхүүгийн түрээс буюу тоног төхөөрөмжөө барьцаалж санхүүгийн дэмжлэг авч болно.

Үйлдвэрлэгчдээ төрөөс бодлогоор дэмжээд зээл олгоход банк санхүүгийн байгууллагад очоод барьцаа хөрөнгө дутаад гацдаг асуудал бий. Үүнийг шийдэхийн тулд Зээлийн батлан даалтын сан гэж байгуулсан.

Энэ сангаас зээлийн барьцаа хөрөнгө нь хүрээгүй үйлдвэрлэгчид 60 хүртэлх хувийг нь батлан даадаг. Өөрөөр хэлбэл, төр зээлийн барьцааны 60 хувийг даана. Харин үйлдвэрлэгч өөрөө 40 хувийн барьцаа хөрөнгө гаргана гэсэн үг юм.

-Тэгэхээр энэ сангаас үйлдвэрлэгчдэд хэдэн төгрөгийн батлан даалт хийгээд байна вэ?

Одоогоор 18 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан. Үүнээс илүү батлан даалт хийх боломж бий. Ялангуяа хөдөө орон нутаг болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн гараанд хөрөнгө оруулалт дутагдалтай байдаг.

Тэдэнд энэ батлан даалтын сан гол үйлчилгээ үзүүлэх учиртай. Тэдэнд хүрч ажиллах хэрэгтэй юм.