С.Эрдэнэ: Ахмадууд маань гавьяаны биш, "гайны амралтанд" суудаг болчихоод байна
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.11.30

С.Эрдэнэ: Ахмадууд маань гавьяаны биш, "гайны амралтанд" суудаг болчихоод байна

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

- Засгийн газар Ахмадуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?

Ах­мад наст­нууд хэдийгээр ний­гэмд аль хэдийнэ хувь нэмрээ оруул­сан боловч өнөөдөр хүр­тэл гэр бүлийн дунд маш чу­хал үүрэг гүйцэтгэсэн хэвээр бай­на.

Тэдний оруулж буй хувь нэмрийг мөнгөөр хэмжиж үнэл­бэл чамгүй дүн харагдах байх. Хүүхэд харах, өвчтөн асрах, ач гучаа сургууль цэцэрлэгт нь зөөх,  сурган хүмүүжүүлэх, хоол хийх, цэвэрлэх гээд хөдөлж байгаа цаг­таа байнга л хөдөлмөрлөж, нэг ёсон­доо өртөг бүтээх үйл явцад хувь нэмрээ оруулдаг хүмүүс.

Гэх­дээ ахмадуудыг зөвхөн уламж­лалт зан заншлын дагуу гэр бү­лийн хүрээнд ач гучаа харсан нэр­тэй гэрийн хорионд байж, хүү­хэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрх­лүүлсээр байх уу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой.

Өнөөдөр ахмадууд нийг­мийн гадна үлдэхгүйн тулд нийг­мийн хурдацтай хувьслыг да­гаж хөгжих шаардлагатай бай­на, цахим ертөнцтэй харьцаж, чий­рэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал, ахмадын спортын төр­лүү­дээр хичээллэх хэрэгцээтэй бай­даг. Гэтэл бодит байдалд зуны цагт сүү­дэр бараадаж гадаа нарлахаас  өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн ча­давхи бараг алга гэж үзэж болно.

Энэ онд Монголын ахмад  мэргэ­жилтнүүдийн Үндэсний сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сис­те­мийг байгууллаа. Мөн ахмад мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөр батлан гар­га­лаа. Монгол Улсад  220 гаруй мянган ахмад настан байгаагийн 20 шахам хувь нь түр болон байн­гын ажлын байранд манаач, жи­жүүр,багш, эмч, төрөл бүрийн зөв­лөх үйлчилгээ эрхэлж байна.

Бусад ахмадуудын дунд биеийн бо­лон оюуны өндөр чадвартай олон ахмадууд байгааг ажиллах хүч­ний багагүй нөөц гэж үзэж Хөдөлмөрийн яамтай хамтарч “Ахмад мэ­гэжилтний зөвлөх үйл­чилгээ төсөл”-ийг хэрэгжүүлж бай­на. 

Уг төслийн хүрээнд 193 ах­мад мэргэжилтнийг түр ажлын байр­тай болгосны дээр ахмадын эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг олон ТББ-уудын үйл ажиллагааг дэм­жиж байна. Ахмадын эрүүл, идэв­хтэй насжилтыг дэмжин, наст­ны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл нас­жилт- настны эрүүл мэнд” үн­­дэсний хөтөлбөрийг мөн хэ­рэг­жүүлж байна.

Цаашдаа ах­мад наст­ны эрхийн асуудлыг холбог­дох хуулинд тусгахаар ажиллаж бай­на. Учир нь сүүлийн жилүүдэд өн­дөр настандаа анхаарал халамж та­вихгүй байх, гадуурхах, дарамт хү­чирхийллийн дор байлгах, тэд­нээс харилцаагаа таслах, су­раггүй алга болох хаях явдлууд га­рах болж эцэг эх, үр хүүхэд, Мон­гол хүн хоорондын харилцаа эрс өөрчлөгдөх эмгэнэлт дүр зу­раг харагдах боллоо. 

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ахмадууд маань гавьяаны биш, “гайны амралт”-нд суудаг болчихсон. Тэд маань тэтгэвэртээ гараад л хүүхэд харахаас эхлээд үнэ хөлсгүй, нэргүй хөдөлмөр эрхлэж, хажуугаар нь тэтгэврийн зээлд баригдаад амьдрал нь өмнөхөөсөө дээрдсэн юм байхгүй.

- Тэтгэврийн талаар ямар бодлого баримталж байна вэ?

Ахмад настны  аж амьдрал, амьд­ралын чанарыг дээшлүүлэх бодлогын цөм нь ахмадуудын тэт­гэврийн хэмжээг хангалттай байл­гах, эдийн засгийн чадамжтай байл­­гах асуудал билээ. Ахмадуудаа орлогын баталгаагаар хангаж, ядуур­лаас сэргийлэх нь нэн тэр­гүүний анхаарууштай бодлого. Манайд өнөөдөр нийт ахмадууд 100 хувь тэтгэвэртэй байхаар нийг­мийн даатгал, халамжийн хуу­лиудад хуульчилсан. Энэ бол том амжилт. Гэхдээ энэ дүр зураг ирээ­дүйд өөрчлөгдөж болзошгүй. 

Хөдөлмөрийн насны олон иргэд янз бүрийн шалтгааны улмаас өнөөдөр тэтгэврийн даатгалд хам­рагдахгүй байгаа нь тэднийг ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсгэхгүй нөхцөлд хүр­гэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэв­рийн даатгалын хамрах хүрээг өр­гөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх асуудал Засгийн газрын том зорилтын нэг болж байна.

Хэдийгээр ахмадууд тэтгэвэртэй боловч хэмжээ нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хамгийн их ирдэг. Улс төрийн сонгууль болох хугацаатай урал­даж тэтгэврийг үе үе нэмэг­дүүл­дэг, тэр нь үнэ ханшийг өс­гөх шалтгаан болдог гээд учир ду­тагдалтай арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлсээр ирсэн. 

Зүй нь бол тэтгэврийн хэмжээг үнэ хан­ш­ийн өсөлттэй уялдуулан, ханш өөрч­лөгдөх үед түүнийг нө­хө­хүйц байдлаар автоматаар нэ­мэг­дүүл­дэг улс төрөөс хараат бус зөв бод­логыг нэвтрүүлэх учиртай. Ийм ч учраас улсын төсвийн орлогын бололцоонд үндэслэн өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн ах­мадуудын тэтгэврийн хэмжээг 2013 оны инфляцийн төвшинг нө­хө­хүйц хэмжээнд нэмэгдүүлсэн.

Хэдийгээр энэ нэмэгдлийн хэмжээ бага хэдий ч цаашид эдийн засгийн боломж сайжрахын хэрээр аажим нэмэгдүүлэх бодлого барина гэж үзэж байна. Манай салбарт 2013 онд хийсэн томоохон ажил гэвэл “Ажил­ласан жил, тэтгэврийн даат­галын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу нийт 494.8  орчим мянган иргэний ажилласан хугацааг нөхөн тооцлоо. Үүнээс 64.0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2014 оны хоёрдугаар са­рын 01-нээс эхлэн нөхөн тоо­цуул­сан жилээс хамааруулан мөн нэмэгдүүлсэн. 

- Алс хэтдээ Ахмадын хөгжлийн талаар ямар бодлогыг гол чиглэлээ болгох вэ?

Цаашид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг илүү өргөн хүрээтэй болгож ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн боловсролын асууд­­луудыг тусгасан байдлаар шинэчилсэн найруулга хийхээр ажил­­лаж байна.

Ахмадуудын дунд мэдлэг чадвараа залуу үедээ өв­лүүлэх замаар хөгжилд хувь нэм­рээ оруулж, орлогоо нэмэг­дүү­­лэх боломж бүрдүүлэхэд чиг­­лэсэн зорилтот төслүүдийг хэ­­рэг­жүүлэх санаачлагыг улам дэм­жиж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зо­хион байгуулна.

Ахмад настанд үзүү­лэх үйлчилгээний нэр төр­лийг нэмэгдүүлэх, чанарыг сайж­руулах, сэтгэл ханамжийн ба­талгааг дээшлүүлэх, “Ахмадын  орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах­мадын орон сууцны асуудлыг шийд­вэрлэх, хөдөө алслагдсан бү­сэд амьдарч буй ахмадуудад нийг­мийн суурь үйлчилгээг хүргэх ме­ханизмыг боловсронгуй болгох зэрэг ажлыг шат дараатай зохион бай­гуулж, хэрэгжүүлэхийг зорьж бай­на.