Д.Ганбат: Ахмадын хуулийн шинэчлэлийг дэмжиж байна
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа ахмадуудад тулгамдаад буй асуудлыг хөндөн, хууль эрх зүйн орчныг нь хэрхэн тааламжтай болгоход юу хэрэгтэй байгааг хөндлөө. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Ахмадуудын эрх ашгийг хэрхэн хамгаалж хуульчлах вэ. Үүн дээр хууль санаачлагч хүний хувьд ямар санаа бодолтой байдаг вэ?
Хууль санаачлагч хүний хувьд хэлэхэд мэдээж ахмадуудынхаа төлөө анхаарал халамж тавих ёстой учраас зарим нэг зүйлийг хуульчлах шаардлагатай гэдэгтэй санал нийлнэ.
Гэхдээ манай монголчууд өтгөс дээдсээ асрах, хүндлэх, ахмадууд нь үр ач нартаа сургааль хайрлаж, сургах замаар хүмүүжүүлдэг эртний ёс жаягтай. Нэг гэр дотор гурван үеийн хүмүүс бүгдээрээ багтаад эвтэй найртай амьдарч ирсэн. Гэхдээ одоо нийгэм өөрчлөгдөж, хөгжихийн хэрээр энэ бүх байдал өөрчлөгдөж, суурин соёл шилжин уламжлалт ёс алдагдаж байна.
Өвөг дээдсээ асардаг, хамтдаа амьдардаг байснаа больж байна. Зарим нэг залуусын ухамсар дорой байдлаас болоод, ахмадын сургамж багадсанаас болоод аав ээжийгээ асардаггүй, зодож дээрэлхдэг, үгийг нь сонсдоггүй, тэтгэврийг нь хурааж авдаг зэрэг сэтгэл сэрдхийлгэм яриа сонсогдох болсон.
Настай хүний тэтгэврээр бүхэл бүтэн гэр бүл амьдарч байна. Гэтэл энэ бүхний үр дүнд хамаг хөдөлмөрөө зориулаад өдий зэрэгтэй улс орныг бий болгосон ахмадууд маань таагүй амьдарч байна. Гэхдээ аав ээжийгээ асардаг олон хүмүүс бий л дээ.
-Ахмадууд өөрсдөө хөдөлмөр эрхлэхийг хүсч байгаа нь манай хэлэлцүүлгээс харагдсан. Түүнчлэн олон улсын түвшинд ахмадуудын эдэлдэг баталгаатай таван эрхийг хуульчлах шаардлагатай гэдгийг хэлж байсан?
Хот хүрээ газрын хүмүүс мэдээж 55-60 настайдаа тэтгэвэрт гарч байгаа. Өнөөдөр монголчуудын дундаж нас өндөр болж байна. Хөгжилтэй орны хүмүүс 80-90 нас хүртэл дундаж нас нь нэмэгдэж байна.
Монголын ахмадууд ажиллах боломжтой байгаа учраас тэр боломжийг нь хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Миний зүгээс ахмадын хуулийн шинэчлэлийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.
Манай орон ажиллах хүчний илүүдэлтэй орон биш учраас туршлагатай мэдлэгтэй хүмүүсийнхээ мэдлэг чадварыг ашиглаж, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах хэрэгтэй.
Цаг хугацаанд баригдсан, стресстэй нийгэм болж байна.
Хөдөлмөрийг дэмжих үүднээс засгийн газраас олон төсөл хөтөлбөр байгаа ч том том нэртэй нүсэр байгууллагуудын үйл ажиллагаа нь яг эзэндээ хүрэхгүй байна.
Тийм учраас зарим нэгэн заалтуудыг хуульчилж өгөх ёстой. Тухайлбал өтгөс ахмадуудаа асрах ёстой гэдгийг зааж өгөх ёстой. Тэр хүний аюулгүй байдлыг зохицуулж өгөх ёстой. Хуучин уламжлалт зан заншлаар явахаа больсон учир ахмадын хуулийн шинэчлэлийг дэмжиж байна.
-Та хэзээ нэгэн цагт ахмад настан болно, тэтгэвэрт гарна. Таныг тэр үед нийгэмд ямар орчин угтаасай гэж хүсч байна вэ?
Нийгэм хөгжиж, хүмүүс өөрчлөгдөж байна. Цаг хугацаанд баригдсан, стресстэй нийгэм болж байна. Зах зээл зарим талаар сайн ч зарим талаар муу байна.
Ахмадын асаргааны байгууллагуудыг нэмж байгуулаасай гэж бодож байна. Гэхдээ орчин үеийн хөгжингүй оронд байдаг эмчилгээтэй, хөгжих бүх боломжоор нь хангасан газрыг байгуулаасай гэж бодож байна. Мөн тааламжтай хууль эрх зүйн орчин байгаасай гэж бодож байна.