ШУА-тай холбоотой асуудлаар шаардлага хүргүүллээ
Засгийн газраас Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг эсэргүүцэн Я.Содбаатар тэргүүтэй 20 гаруй гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад парламентад суудалтай улс төрийн намуудын 20-иод гишүүн гарын үсэг зурсан байна.
Шаардлагад "ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад механикаар нийлүүлэх нь шинжлэх ухаанаа хөгжүүлэх олон улсын жишиг, өөрийн улсын уламжлалаас ухарсан ноцтой үйлдэл гэж үзэж байна. Дэлхийн аль ч улсад шинжлэх ухаан нь зөвхөн их сургууль дээр хөгждөг, эсвэл ШУА нь харьяандаа хүрээлэнгүй байдаг хэмээн худлаа тунхаглаж явдаг цөөн хүмүүсийн хоосон үгэнд дөрлөгдөн ноцтой алдаатай шийдвэр гаргахгүй байхыг танд зөвлөе. Ийм шийдвэр гарснаар улс орныг эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй бөгөөд харин хөл дээрээ тэнцэж яваа шинжлэх ухааны салбараа унагах аюултай" гэжээ.
Тиймээс ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдийг их, дээд сургуулиудын хананд нааснаар эерэг, сөрөг ямар үр дагавар авчрахыг эхлээд сайтар нягтлах, энэ талаар УИХ-ын холбогдох байнгын хорооноос гаргасан шийдвэрүүдийг судлан үзэх, цаашид УИХ-аар хэлэлцэж буй "Төрөөс шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого"-ын баримт бичгийн хүрээнд авч үзэхийг гишүүд шаардлагадаа онцлон дурджээ. Мөн уг асуудлыг өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд олон талын оролцоотой, судалгаа тооцооны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа гишүүд илэрхийлсэн байна.