Д. Ганхуяг: Харамсалтай л байна, Монголын эрх ашигт нийцсэн төсөл байсан юмсан
УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван төслийг хэлэлцсэн. Эдгээр хуулийн төслийн нэгийнх нь санаачлагч нь Д.Ганхуяг гишүүн байв. Түүнээс цөөн зүйл тодрууллаа.
-Таны өргөн барьсан төсөл дэмжигдсэнгүй, та нэлээд бухимдаж байгаа харагдсан.
-Энэ хуулийн төслийг уг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өргөн барьсан юм шүү дээ. Оюутолгойн гэрээ батлагдахаас дөрвөн сарын өмнө гэсэн үг. Хуулиараа бол Засгийн газар өргөн барьсан төсөлд нэг сарын дотор саналаа өгөх ёстой байдаг. Гэтэл энэ хугацаанд саналаа өгөөгүй л дээ. Ингээд л УИХ хэлэлцлээ, төсөл дэмжигдсэнгүй. Яахав, УИХ олонхиороо шийдвэр гаргадгаас хойш. Гэхдээ харамсалтай байна. Энэ хуулийн төслийг дэмжсэн бол Монгол Улсын эрх ашигт л нийцэх байсан гэдэг миний өөрийн байр суурь, итгэл үнэмшил хэвээрээ.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван төслөөс Н.Батбаяр нарынх дэмжигдсэн. Та нарын төсөл юугаараа давуу байсан бэ?
-Н.Батбаяр, С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэн, дэмжигдэх ч учиртай. Энэ төсөл Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил гэснийг 15 жил хүртэл гэж өөрчлөх нэг л заалттай байсан. Ашигт малтмалын төрөл, тогтоогдсон нөөцийн хэмжээнээс хамаараад ордыг ашиглаж дуусах хугацаа хэлбэлзэх нь хэнд ч ойлгомжтой. 15 жил ашиглана гэж тогтвортой байдлын гэрээ байгуулаад, тухайн ашигт малтмалын үнэ өсөхөөр таван жилийн хугацаанд олборлолт болон бага татвартайгаар борлуулалт хийгээд дуусгачихсан гашуун туршлага хэд хэд бий биз дээ. З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн бид нарын төсөл таван заалт-тай байсан. Эхний хоёр заалт нь Ашигт малтмалын хуулийн 5.4, 5.5-р заалтын "улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон ордод төр 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөц тогтоосон ордод төр 34 хүртэлх хувийг эзэмшинэ" гэсэн агуулгыг ойлгомжтой, тодорхой болгосон заалт байсан юм. Дээр дурдсан 30 жил гэсэн хатуу хугацааг 30 хүртэл гэж өөрчлөх байв. Нөгөө хоёр заалт нь "стратегийн ордын тухайд Ашигт малтмалын ашиглалтын лиценз эзэмшигч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныхаа дараа хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөөц 100 хувь төрийн өмч, харин тэр ордыг ашиглахдаа төр хэдэн хувь эзэмшихээ өөрөө шийднэ, аль болох Монголын хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалах, мөн олборлож буй тухайн ашигт малтмалын боловсруулах үйлдвэр Монголд байгуулагдсан тохиолдолд энэ үйлдвэрт тэр баяжмалаа зах зээлийн нөхцөлөөр тэргүүн ээлжид нийлүүлэх үүргийг хүлээлгэх" зэрэг агуулгатай байсан.
-Гэсэн ч та нарын төслийг буцаад социализм руу ухарсан төсөл гэсэн шүүмжлэл нэлээд гарсан шүү дээ.
-Уг нь манай хөрөнгө оруулалтын орчин муугүй, татвар багатай. Харин ойрхон ойрхон өөрчлөөд байх нь сайнгүй гэдэгтэй санал нэг байгаа. Гэтэл стратегийн орд болгонд хөрнгө оруулалтын гэрээгээр өөр татварын орчинтой болж магадгүй байна.Үүнийг цэгцэлмээр байна. Гэхдээ ямар ч тохиолдолд баялгын эзэн Монголын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Гол нь тэр 34 хувьтай холбоотой асуудлаас болж маргаан гарсан шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулапчдаас лицензийг хурааж авах гэлээ. Социализм руу буцах гэлээ гээд л бөөн маргаан.дэгдсэн. Уг нь бидний төсөлд лиценз хурааж барих нэг ч үг, тийм утга санаа байгаагүй ээ. Харин хөгжилтэй орон тусмаа аливаа эдийн засгийн асуудлыг шийдэхдээ эдийн засгийн тооцоо, тэр шийдвэр гаргах явцын ил тод байдлыг чухалчилдаг. Бид хөрөнгө оруулалтын гэрээний эдийн засгийн тооцоог ойлгомжтой байлгах зарчмыг баримталж хууль санаачилсан.
-Тэр маргаан үүсгэсэн 34 хувьтай холбоотой заалтаа тодруулна уу?
-Ашигт малтмалын тухай хуулийн 34 хувьтай холбоотой заалт, бидний хуулийн төслийн заалт хоёрыг харьцуулаад харахад л ойлгомжтой.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалт "Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэж байдаг. Харин бидний төсөлд "Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөц нь батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр уг баялгийн эзнийхээ хувьд 34 хүртэлх хувьтай тэнцэх хувь, эсхүл хувьцааг төр эзэмшиж болно. Энэ хувийн хэмжээг уг ордын ашиглалтын лиценз эзэмшигчтэй тохирохдоо ашигт магтмалын төрөл, батлагдсан нөөц, тэр нөөцийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэн хэлэлцээрийг хийж тогтооно. Энэ хэлэлцээрийн явц, гарч буй үр дүнгийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана" гэж өөрчлөхөөр найруулсан байв. Бас "Хэрэв энэ хуулийн 5.5-д заасан төрийн эзэмших хувийг ашиглалтын лиценз эзэмшигчтэй хэлэлцээрийн аргаар тохироход хүндрэл үүсч, улмаар лиценз ашиглагчийн зүгээс энэ хувьтай холбогдуулан, тавьж буй нөхцөл нь Монгол Улсад хэт их хохиролтой байх, эсхүл хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төр, засаг баялгийн эзнийхээ хувьд ордын ашиглалтын лиценз эзэмшигчтэй зөвшилцөл хийж, олон улсын жишгийг харгалзан тодорхой хувь, хэмжээний давуу эрхийг лиценз эзэмшигчдэд олгох байдлаар, ордыг ашиглаж эхэлсэн жилээс бүх төрлийн татварыг төлөх нөхцөлтэйгээр, улсын эдийн засгийн аюулгүй байдал, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоог үндэслэн нээлттэй, хязгаарлагдмал уралдаант тендерийн аргаар ордыг ашиглагчийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас тодруулах эрхтэй. Олгох давуу эрхийн хувь хэмжээг тухай ордыг илрүүлэхэд хийсэн эрсдэл, хайгуулд гаргасан нийт зардал, түүнчлэн уг зардлыг хэлэцээрт оролцогч талуудын эрх ашгийн зохистой байдал зэргийг харгалзан нэмэгдүүлэн тогтоож болно. Энэхүү хэлэлцээрийн явц, гарч буй үр дүнгийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана. Хайгуулын эрсдэл, хайгуулд гаргасан нийт зардлын хэмжээг тогтоохдоо хараат бус хөндлөнгийн аудитаар баталгаажуулна" гэж нэмэхээр төсөлд тусгасан байсан. Энд хурааж авна гэсэн үг байна уу, байхгүй байгаа биз дээ.