Д.Тэрбишдагва:Зэвсэгт терроризм хол ч биотерроризм хаяанд байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа. Тэрбээр малын гаралтай түүхий эдийн биржийн тогтолцоо судлахаар Германыг зорих гэж байна. Салбар хариуцсан сайд байсных нь хувьд өнөөгийн хүнсний аюулгүй байдлын талаар ч санаа бодлыг нь сонслоо.
-Намрын чуулганы завсарлагаар Төрийн ордонд “сууж” ажилласан цөөн гишүүний нэг нь Та байсан. Ямар ажил амжуулж байсныг тань сонирхож болох байх?
-Чуулган завсарласан ч бид ямагт ажил ихтэй байдаг шүү дээ. Зарим гишүүн сонгогдсон тойрогтоо ажиллаж байхад, нэг хэсэг нь дараагийн чуулганд хэлэлцэх асуудлыг сайтар судалдаг, зарим нь иргэдийн тулгамдсан асуудалтай танилцаж шийдвэрлэх арга замыг тодорхойлж, гадаад, дотоодын бодлогын чухал асуудлаар үарим нь гадаадад ажиллаж байдаг. Миний тухайд гэвэл ойрын өдрүүдэд агаарын бохирдлын асуудлаар нилээд ажил амжууллаа. Ордонд дандаа суугаагүй ээ. Тойргийнхоо сонгогчидтой уулзаж, шийдвэрлэж болох асуудлуудаар зөвлөлдлөө. Харин одоо гадагшаа явах гэж байна. Монголд түүхий эдийн бирж байгуулах асуудлаар Германд судалгаа хийх Ажлын хэсэгтэй хамт явах юм.
-Та бүхний судлахаар зэхэж байгаа ажил тань хөдөө аж ахуйн түүхий эд, бас хүнсний хангамжтай холбоотой байх. Туршлага судлаад түүнээ амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд Монголын хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Бид хөдөө аж ахуйн түүхий эд борлуулах сүлжээ бий болгох, малчдаас бүтээгдэхүүнийг нь худалдан авч, тэдний аж амьдралыг тэтгэх талаар олон жил ярьж ирлээ. Тэгвэл одоо бүр ч тулгамдсан асуудал болж хувирлаа. Мал өсөж байгаа ч түүнийхээ ашиг шимийг малчид төдийлэн сайн хүртэхгүй байна. Ялангуяа энэ нь саяын зудын байдлаас бүр ч тодорхой харагдлаа. Мал аж ахуйн түүхий эдийн бирж байгуулах нь малчдад ашиг тусаа ихээхэн өгнө гэж үзэж байгаа. Биржийн ийм тогтолцоо байхгүйгээс түүхий эдээ олон шат дамжлагатай борлуулж үнийн өртөг нэмэх, нэг бол үнэгүйдүүлж, эсвэл гадаадын зах зээлд алдаснаар дотоодын үйлдвэрлэгчдээ хохироодог. Түүхий эдийн бирж байгуулах нь малчдын амжиргааг дээшлүүлэхээс гадна үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээр тасралтгүй хангахад зохих хувь нэмэр болох учиртай.
-ХХАА /хуучнаар/-н сайдаар олон жил ажилласан хүний хувьд манай улсын хүнсний салбарын хөгжил ямар түвшинд байна гэж Та үзэж байна вэ. Өөрийнхөө сайд байсан үетэй одоогийнхийг харьцуулж болох л даа.
-Намайг дэд сайдаар ажиллаж байхад тэнд нэг хэлтэст ганц хоёр хүн ажилладаг байсан. Хүнсний салбарын үйлдвэрүүд бараг бүгдээрээ хувийн өмч болсонтой холбоотой байсных биз. Хүнсний үйлдвэрлэлийг ердийн нэг салбартай адилтгаж боломгүй юм. Бүтээгдэхүүн нь шууд хүний эрүүл мэнд, цаашлаад удмын санд нөлөөлдөг учраас төр, засаг том “харж үзэх” ёстой байдаг. Тийм учраас л би санал гаргаж байж хэлтэс байгуулсан. Харин сайдаар ажиллаж байхдаа хүнсний үйлдвэрлэлийн техник, технологид анхаарч олон шинэ үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгож, цөөнгүй төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн. Үүнтэйгээ уялдуулан яамны хүнсний хэлтсийг газар болгон өргөжүүлсэн. Бодлогын энэ арга хэмжээний хүрээнд “Цагаан хувьсгал”, “Ногоон хувьсгал”, “Атрын аян” зэрэг хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Засгийн газрын тогтоолоор 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлуулсан юм. Эдгээр нь манай улсын хүнсний хангамж, нийлүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулсны дээр шинэ технологи бүхий жижиг, дунд үйлдвэр байгуулагдахад зохих дэмжлэг үзүүлснийг мартаж болохгүй байх. Хүнсний бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодол ч эрс сайжирсан. Сүүлийн үед хүнсний үйлдвэрүүдийн техник, технологи сайжирч байгаа ч бүтээгдэхүүний чанарт анхаарах шаардлага гарч байна. Импортоос хамааралтай байдал ч ажиглагдаж байгааг зориуд хэлэх ёстой. Энэ нь хүнсний аюулгүй байдал, түүгээр ч барахгүй үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байгаа юм.
-Сүүлийн үе хүнсний аюулгүй байдал алдагдлаа гэх гомдол нэмэгдэх болсон. Ямар хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй, ихэнхдээ гадаадын, хугацаа нь хэтэрсэн, чанаргүй хүнс орж ирж байна хэмээн гомдоллож байна. Салбар удирдаж байсан хүний хувьд юу бодож, ямар зүйл хийгээсэй гэж үзэж байна вэ?
-Энэ талаар иргэдийн гомдол тасрахгүй байна. Дээр хүнсний чанарын баталгааг хангах талаар өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авсангүй. Хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалттай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт маш олон байдаг ч хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогын зохицуулалт сул, хууль, дүрэм, стандарт хэт хуучирсантай холбоотой. Шинээр нэвтрүүлсэн гэх зарим технологи, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний стандарт алдагджээ. Эдгээрт хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа ч тааруу байгаа бөгөөд түүнд хяналтын тогтолцоо, лабораторийн хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчний дутагдал гээд нөлөөлж байгаа зүйл олон бий. Манай ихэнх худалдаачид зөвхөн үнэ хямд бүтээгдэхүүн импортолж байгаагаас биш хүмүүсийнхээ эрүүл мэндийн талаар бага бодож байна. Энэ байдлаас гарахын тулд хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэл, борлуулалт, тээвэрлэлтийн чанарын хяналтын бүхэл бүтэн гинжин холбоо бүхий тогтолцоог бий болгох хэрэгтэй. Шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэдийнхээ чадварыг бас ашиглах ёстой. Импортын бүтээгдэхүүнд олон улсын стандартын дагуу шаардлага тавих цаг нь болсон гэж үздэг.
-Манай хүнсний үйлдвэрүүдийн техник, технологийн түвшинг нэмэгдүүлэх боломж байдаг уу, ер нь?
-Зарим салбарын техник, технологийн дэвшил дэлхийн хэмжээнд хүрснийг үгүйсгэхгүй. Шар айраг, ундаа, зарим гурил, махны үйлдвэр зэргийг нэрлэж болох юм. Ингээд амарч болохгүй л дээ. Дэлхийн технологийн хөгжилтэй хамтдаа урагшлах хэрэгтэй. Төр, засгаас түүнийг дэмжиж, урамшуулах ёстой. Цаашдаа технологио улам төгөлдөршүүлэх шаардлага байсаар байх болно.
-Нэг үе мэргэжлийн бус хүмүүс хүнсний үйлдвэрийн эзэд болж тэнд хүнсний мэргэжилтэн бараг байхгүй болсон үе бий. Тэгвэл өнөөдөр мэддэг, мэргэжлийн улс нь энэ салбартаа ажиллаж чадаж байна уу?
-Энэ нь манай шилжилтийн үетэй холбоотой байсан байх. Хийж байгаа бүтээгдэхүүнд нь олон хүн хордоод, эрүүгийн хэрэгт шалгагдаад ирэхээр ийм байж болохгүй гэдгийг ойлгож эхэлсэн. Шинэ техник, технологийг эзэмших мэргэжлийн хүн бас зайлшгүй хэрэгтэй болсон. Манай улс хүнсний үйлдвэрийн мэргэжилтнүүдээ бодлоготойгоор бэлтгэж байсны үр дүнд энэ салбарынхан шилжилтийн үеийг хохирол багатай туулсан юм. Одоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүнс биотехнологийн сургуулийг жил бүр олон арван оюутан төгсч хүнсний үйлдвэрүүдэд очиж байна. Төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байртай болж байгаагаас харвал хүнсний мэргэжилтнүүдийн эрэлт өндөр байна, гэж үзэж болох юм.
-Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар төрийн байгууллагууд юу хийж байгаа, болон юу хийх ёстой талаар танаас асуумаар байна?
-Юуны түрүүнд хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангаха төрөөс анхаарч байна. Бид хүнснийхээ нийт хэрэгцээний 70 шахам хувийг импортолдог. Хэрэгцээний 30 хувийг нэг орноос улсыг тухайн орноос хамааралтай гэж үздэг. Иймээс хүнсний гол түүхий эдээр өөрийн хэрэгцээг хангах бодлого баримталж байна. Атрын гурван шатны аяны үр дүнд үр тариагаар өөрийн хэрэгцээг бараг хангах түвшинд хүрч байгаа бол төмс хүнсний ногоогоор бүрэн хангадаг боллоо. Хэдийгээр бид мах импортолтгүй ч гэсэн үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махны хэмжээ маш бага хувийг эзэлж байна. Тиймээс махны үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Малынх нь дэлэнд хэдэн зуун сая литр сүү байдаг атал Монгол орон сүү импортолж, түүнийгээ их рекламддаг нь эмгэнэл. Тиймээс сүүний нийлүүлэлтийг сайжруулах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Хүнсний аюулгүй байдал өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг мөн. Хаа сайгүй хоолноос хордож иргэд нь амь насаа алдах явдал газар авлаа. Хяналтын нэгдмэл тогтолцоо байхгүйтэй энэ нь холбоотой. Чанарын үзүүлэлтийг олон “хэл” дээр ярьж болдоггүй юм. Бүгд нэг “хэлтэй байх ёстой. Энд л төрийн бодлого үгүйлэгдэж байна.
-Хүнсний хууль гэж бий шүү дээ?
-Хүнсний тухай хууль батлагдаад олон жил болж байгаа ч тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж байгаа. Гэхдээ хүнсний аюулгүй байдалтай холбоотой, түүнээс сэргийлэх тохиолдол бүрийг зохицуулж чаддаггүй. Хүнсний баталгаат байдал, аюулгүй байдлын талаарх ойлголт нэг үеэ бодвол өөрчлөгджээ. Зөвхөн хүнсний тухай ч биш үйлдвэр, технологи, түүхий эдийн тухай ч бодох хэрэгтэй болжээ. Иймээс Хүнсний тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Бас “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөр байдаг. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ 2008 онд баталсан. “Хүнсний аюулгүй байдал”үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр түүнд заасан. Монголчуудад олон улсын зэвсэгт терроризм хол байж болох ч биотерроризм маш ойрхон байгааг анхаарч, хүнсний үйлдвэрлэлийн хөгжил, аюулгүй байдалд төр, засаг онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.