С.Эрдэнэ: Гэрээ байгуулагдвал Чехэд буй монголчууд эх орондоо байгаа юм шиг үйлчилгээ авна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төрийн айлчлал хийсэн. Тус айлчлалд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцон эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзаж айлчлалын талаар ярилцлаа.
-Чех улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалд оролцоод ирлээ. Айлчлалаар ямар гэрээ хэлэлцээрүүд хийгдэв?
Чехийн Ерөнхийлөгчтэй манай Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийсэн. Чехийн талаас манай улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, уул уурхай, дэд бүтэц гэсэн хэд, хэдэн салбарт хамтарч ажиллах сонирхол, санал санаачлагатай байгаагаа ил тод илэрхийлсэн халуун дотно уулзалтууд болсон.
Чехийн талаас Монголд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх 40 гаруй компанийн нэрийг Чехийн Ерөнхийлөгч өөрийн биеэр манай Ерөнхийлөгчид гардуулж өгсөн. Мөн БНЧУ-ын парламентын дээд, доод танхимын дарга нар Ерөнхийлөгчид бараалхаж уулзсан.
Мөн БНЧУ-ын Ерөнхий сайд бараалхаж уулзсан. Чехэд ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзсан. Би нийгмийн хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар монголчуудад мэдээлэл өгсөн. Маш олон асуулт гарсан.
-Чех улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд тулгамдаж байгаа асуудал юу байв. Ялангуяа нийгмийн хамгаалал тал дээр?
Бусад улс, оронд ажиллаж, амьдарч буй монголчуудын нэгэн адил тулгамдаж байгаа асуудлаа ярьж байсан. Жишээлбэл, гадаадад ажиллаж амьдарч буй хугацаанд ажилласан жил нь тооцогдох уу, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, гадаадад төрсөн хүүхдийн харъяатын асуудал, олон соёлт гэр бүлийн асуудал, давхар иргэншлийн тал дээр ямар бодлого, ямар шийдэл байгаа зэрэг олон асуудлаар иргэдтэйгээ санал солилцож, тэдний сонирхсон асуултуудад хариулт өгсөн.
Тэгэх юм бол бид гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.
-Цаашид Чех улсад нийгмийн хамгааллын чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд юунаас эхлэх вэ?
БНЧУ-тай нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, гэрээ байгуулах асуудал анх 2007 оноос яригдаж эхэлсэн байдаг. Сүүлийн долоон жил гаруй энэ асуудал яригдаж байна. Манай улсаас Чех улсад 5800 орчим иргэн ажиллаж, амьдарч байна гэсэн бүртгэл бий.
Тэдгээр иргэд маань ажил, хөдөлмөр эрхэлж, тухайн улсын хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байгаа. Тэр төлсөн шимтгэл нь эргээд иргэдэд олдохгүй. Тэнд тэтгэвэрт гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс Бүгд Найрамдах Солонгос улстай хийсэн нийгмийн хамгааллын гэрээний загвараар Чех улстай гэрээ байгуулах тухай яригдаж байгаа юм.
Энэ хүрээнд БНЧУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, ярилцсан. Чехийн талаас гэрээнд ямар нэг болзолгүйгээр гарын үсэг зурахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэдний Дотоод явдлын яам, манай улсын Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам хооронд байгаа гэрээ байгуулах асуудлаар тодорхой түвшинд энэ асуудлыг шийдэх ёстой.
Тэгэх юм бол бид гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Үүнийг мөн Ерөнхийлөгчид танилцуулсан. Аль ашигтай хувилбараар нь шийд гэдэг чиглэл өгсөн. Яг энэ төрлийн гэрээг Чехийн талаас ОХУ-тай байгуулсан юм билээ.
Оростой байгуулсан хөнгөлөлттэй нөхцөлөөр Монголтой байгуулах боломжтой гэсэн. Удахгүй гэрээнийхээ загварыг явуулна гэсэн. Бид энэ асуудлын судалж, тэр гэрээ байгуулагдвал хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын гэрээнд гарын үсэг зурахад өөр шалтгаангүй байхгүйгээр байгуулагдаад явна.
-Нийгмийн хамгааллын гэрээ байгуулагдсанаар ямар бодит үр дүн гарах вэ?
Энэхүү гэрээ байгуулагдсанаар Чех улсад албан ёсоор манай нийгмийн хамгааллын төлөөлөл ажиллах болно. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг БНСУ-д байгаа Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн загвараар шийдэрлэх боломж бүрдэнэ.
-Цаашид Чех улсад нийгмийн хамгааллын төв байгуулагдана гэлээ. Одоо үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв бий болсноор хэр үр дүнтэй ажиллаж байна?
Анх байгуулагдсан үедээ л гэхэд 10 гаруй мянган иргэний Солонгос улсад төлсөн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн 10.8 сая төгрөг буюу 14 тэрбум орчим төгрөгийг буцаан олгосон байдаг. Ингэхдээ ямар нэг байдлаар зуучлал, дундаас нь татвар, шимтгэл авахгүйгээр шууд нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж эхэлснээрээ томоохон дэвшил болсон.
Энэхүү үйлчилгээг өнөөдрийг хүртэл тогтвортойгоор Солонгосын тэтгэвэрийн албатай хамтран Монгол иргэддээ үзүүлж, тухайн иргэний төлсөн шимтгэлийг шууд Монгол руу шилжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 10 гаруй тэрбум төгрөгийг Монголдоо төвлөрүүлж, ажилласан жилийг нөхөн тооцсон байна.