Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
2015.02.16

Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ

УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс Өрийн удирдлагын тухай хуулийн талаар болон С.Баярцогтыг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн  “Сүүлийн үед цагаан сар, баяр наадмын өмнөхөн  олон чухал  хуулийг бөөнддөг хандлага гарч байна.  Ашигт малтмалын хууль,  гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал, Урт нэртэй хуулийн  журамд өөрчлөлт оруулах гээд чухал хуулийг сар шинийн баяр давхцуулж  батлах гэж байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулснаар төрийнхөө хувийг татвараар сольдог дэлхийд хаана ч байхгүй жишиг бий болох гэж байна.

Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гээд томоохон  ордуудаа нэр цохчихсон байгаа нь аюултай. Тавантолгой дээр байгаа 1072 хувьцаа, Оюутолгойн 34 хувийг нөөцийн татвараар сольчихлоо гээд сууж байж  ч магадгүй нөхцөл үүслээ.  Дэлхий дээр байхгүй муу жишгийг Монголын парламент тогтоохгүй гэж найдаж байгаа. Үүн дээр бие даагчид хатуухан байр суурь баримтална” гэлээ. 

Мөн С.Баярцогтыг өөрсдийг нь гүтгэсэн гэв. Тэрбээр энэ талаар “2015 оны төсвийн тодотгол хийж байх  үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас  албан тоот ирүүлж 2015 оны төсөвт Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт ирүүлсэн. Үүн дотор 17.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр  санхүүжүүлэхээр оруулсан нь  Хөгжлийн банкны хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Бид С.Баярцогтыг огцруулах асуудал тавихаасаа өмнө шаардлага хүргүүлсэн. Хариу тайлбар ирүүлээгүй. Тухайн үедээ тайлбар ирүүлээгүй байж огцруулах асуудал тавьсны дараа янз бүрийн  тайлбар, мэдэгдэл хийж, гүтгэлээ гэж ярьж байгаа нь утгагүй. Тайлбарт хариу ирүүлсэн бол асуудал илүү тодорхой болох байсан. Хөгжлийн банкны  тухай хуулийн 10 дугаа зүйл зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл төслүүдэд тавих шаардлагуудыг зөрчсөн.

Монгол Улсын хөгжлийг тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарсан байх, эдийн  засаг, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн, төсөл хөтөлбөрийн зураг төсөл, ТЭЗҮ хийгдсэн байх,  төсөл хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн  үр өгөөжийг олон улсын шинжилгээ үнэлгээ, аргачлалын дагуу  тогтоосон байх,  олон улсын болон стандартыг хангасан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх зэрэг шалгуур бий. 

Үүнд гэр бүлийн компаниас зөвлөгөө авах асуудал багтаагүй байгаа биз. Төсвийн хуулийн хүрээнд ч ерөнхий зарчимд нийцэхгүй зүйл болсон. Хөгжлийн банкны хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах асуудал тавьсан. Огцруулах асуудал тавих нь хуулиар тодорхой заасан.

Өөрөөр хэлбэл огцруулах  асуудал үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг ярьдаг болохоос хүн гүтгэсэн асуудал ярьдаггүй. С.Баярцогт харин өөрөө асуудал тавьсан гишүүдийг өөрийг нь гүтгэсэн мэтээр гүтгэж  байна. Тэр байтугай хувийнхаа төлөө яамыг хүртэл мэдэгдэл хийлгэсэн.  Тиймээс халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн хороо энэ асуудалд анхаарал хандуулаасай гэж бодож байна” гэлээ.